Tuesday, January 31, 2017

Боловсролыг Хөтлөх Финланд Ухаан



Боловсролыг Хөтлөх Финланд Ухаан


Ц.Лувсандорж, МУБИС

Финланд нь 5,5 сая хүн амтай; урт өвөл, сэрүүн хавар, намар, богино зун бүхий эрс тэс уур амьсгалтай; 337,030 km2  талбай бүхий газар нутагтай; тусгаар төр улсын 100 орчим жилийн түүхтэй; цаа бугатай; харьяалахын тийн ялгал бүхий Фин хэлтэй; Христосын чиглэлийн Литеран[1] шашинтай; Парламентийн засаглалтай, нөхөрсөг, зарчимч, ажилсаг зантай, байгалийг хайрладаг, чимээгүйд дурладаг, уншдаг энгийн хийгээд эрхэмсэг, бас биеэрхүү зон олонтой; тэнгэрийн цэнхэр өнгөөр гоёдог, модоор элбэг, усаар баян тийм том ч биш, бас жижиг ч биш нэгэн улс юм.

Дэлхийн 2 дайн болон иргэний дайны хөлд өртсөн, колончлол, дарлалын зовлонг их амссан, тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдэрсэн, 1970 он гэхэд хөгжиж буй орны ангилалд багтаж байсан энэ улс одоо боловсролын салбарт олсон ололт, хүрсэн амжилтаараа дэлхийг тэргүүлэх болжээ. Нэн богино хугацаанд тун их амжилтыг боловсролд олсон Финландчуудын нууц юу вэ?, Ийм амжилтад хүрэхдээ тэд ямар гээч цэцэн ухааныг сүвэгчилсэн бэ?  Энэ асуултыг энд ч, тэнд ч, ер нь, хаа сайгүй л дэвшүүлж, тундарын энэ улсыг зорих хүний тоо олширч, орон орны судлаачид түүнийг судалж, өөр өөрийн  хариулт,тайлбарыг өгч байна.


Финландын боловсролын тогтолцоонд дор дурдсан үзэл санаа алтан дүрэм мэт үндсэн зарчим болж мөрдөгдөнө (Laukkanen, 2008, p. 319).
-Хаана хэрэгцээ байна, тэнд нөөцийг хуваарилах,
- Стандартыг нарийн тогтоох, тусгай хэрэгцээг дэмжих,
-Чанартай багшийг бүтээх,
-Боловсролыг үнэлэх,
-Төвлөрөл, эс төвлөрлийг тэнцвэржүүлэх.
Хаана хэрэгцээ байна, тэнд нөөцийг хуваарилахгэж энгийн хэлэгдэх энэ хэллэгт “Боловсрол боломж. Хүн бүрт энэ боломжийг олгосноор тэдэнд ижил тэгш байдлыг бий болгох үүрэг, хариуцлагыг төр улс  хүлээнэ[2]” гэсэн утга санаа бий. Товчлон хэлбэл, хүн бүр адилгүйг тооцож боловсролын үйлчилгээг бий болгоно гэсэн үг. Энэ зарчмыг  алтан дүрэм болгож баримтлахад багш яг л нэг арга зүйгээр хүүхэд бүртээ харьцах биш, харин монголчуудын хэлдэгээр  “Хүлэг бүр жороогүй. Хүүхэд бүр адилгүй” гэсэн зарчмаар багшлах ажлаа хийхэд хүрнэ. 
Үүнийг ажигласан нэгэн профессор “Финландын сургуулиас самбарын өмнө хичээлийн турш зогсож номлодог (лекцлэдэг) багшийг олж харах нь нэн ховор” гэжээ (Linda Darling-Hammond, 2010). Мөн  Оулугийн их сургуулийн боловсролын нийгэм зүйн профессор бидэнтэй хийсэн ярилцлагадаа ийнхүү дурдсныг энд мөн онцлон тэмдэглэж байна  
“Финландчууд бид боловсролд   equity” –ийг бий болгож чадсан юм.  Сургуулийн орчин, нөхцөл Финландын аль ч сургууль ижил байдаг.  Хүүхэд Финландын хаана амьдарч байгаагаас хамаарч ялгаатай орчин, нөхцөлд сурах ёсгүй. Багшийн бэлтгэл, чанар, хангалт ч мөн ийм л байдаг. Энэ нь бидний боловсролдоо мөрддөг нэгэн зарчим юм” (Ярилцлагын тэмдэглэлээс, 2016)
“Стандартыг нарийн тогтоох, тусгай хэрэгцээг дэмжих”  гэсэн үг хэллэгт  мөн дээрх зарчмын утга санаа  л байдаг. Хүүхэд бүр сурах хэв шинжийн хэлбэрээрээ ялгаатай юм.  Энэ нь үнэндээ “хүүхэд бүрт сурах тусгай хэрэгцээ бий” гэсэн үг. Тусгай хэрэгцээ гэдэг нь тэнд “эрүүл бус, согогтой” гэдгээр биш, харин түүнээс нилээд өргөн утгаар ойлгогдоно, хэрэглэгдэнэ. Багш тогтоосон стандартад хүүхдийн гүйцэтгэлийг хүргэхийн тулд тэдний хэв шинжийн онцлогийг тооцож, харьцах ёстой. Үүний тулд багш мэргэжлийн, мэргэшлийн өндөр түвшинд бэлтгэгдэх шаардлагатай. Үүний тулд бас хичээл, сургалтад үндсэн, туслах багш хэрэгтэй. Хүүхэд бүрийн ялгааг тооцож багшлах ажлыг хийж, сурах үйлийг мэргэжлийн өндөр ур чадвараар хөтлөх замаар л хүүхэд бүрийн гүйцэтгэлийг стандартад хүргэж болох юм.Финландчуудад иймд хуурмаг дүн авч хүүхдээ анги дэвшүүлэх нь  чухалчлах бус, харин “багыг их” гэсэн зарчмыг баримтлан үнэнчээр ажиллах нь илүү үнэ цэнэтэй байдаг.  Үүнийг ажигласан Америкийн нэгэн багш түүнийг ингэж буулган үлдээжээ (Kelly Day, 2015)
1.   Албадалт бага, сонголт их
2.  Сургуулийн цаг бага, амралт их
3.  Багшийн заах цаг цөөн, төлөвлөлт их
4.  Багш солигдолт бага, нийцэл, халамж их
5.  Оюутны элсэлт цөөн, багшийн зохицол их
6.  Хичээлийн тоо цөөн, завсарлагааны цаг их
7. Шалгах бага, сурах их
8. Сэдэв цөөн, гүнзгийрүүлэн судлах их
9.  Гэрийн даалгавар бага, оролцоо их
10.  Хүүхэд цөөн, анхаарал их
11.  Бүтэц бага, итгэлцэл их
Үүнийг ажигласан бидний дунд мөн ийм эргэцүүлэл, хэлэлцүүлэг өрнөж билээ.
 “Манай улсын ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн үзэх хичээлийн тоо олон байна. Одоогийн сургалтын төлөвлөгөө ёсоор дунд ангийн хүүхэд 19 хичээл судлах ёстой. Хүүхэд мэдлэгээ өөрөө бүтээнэ гэдгийг хэлбэрдэн ойлгосноос улбаалж багш нар гэрийн даалгаврыг хэт их өгдөг. Иймд хүүхдэд зөвхөн гэрийн даалгавар гэхэд л их ачаалал, хэт дарамт болдог. Хүүхдэд амралт бага, дарамт их байх.... Хичээл бүрээр шалгалттай тул шалгуулах нь их, гүнзгийрүүлж  сурах, судлах нь бага.... Хөдөө, хотын сургуулиуд орчин, нөхцөл, багшийн чанар, хүрэлцээ хангамжийн хувьд эрс ялгаатай..... Бид Финланчуудын боловсролдоо алтан дүрэм мэт болгон мөрдөж буй бүх зарчмыг хэлдэг, ярьдаг, бичдэг хирнээ түүнийг үйл  болгохдоо учир дутагдалтай ... Стандарт байдаг ч түүнийг гүйцэтгэлийг хянахдаа учир дутагдалтай. Тусгай хэрэгцээ гэдгийг эрүүл бус, согогтой гэсэн байдлаар явцуу ойлгох нь түгээмэл... Товчхондоо, боловсролын дээрх зарчмууд бидэнд үг, тэнд үйлс болжээ.... “Утгагүй ихийг учиргүй бага” гэдэг  нь манайд зарчим мэт болсон байх шиг.....Хүүхдэд мэргэжлийн халамж, амралт, тусламж хэрэгтэй ш дээ.....” (Финландын хичээл судлах багийн хэлэлцүүлгийн тэмдэглэл, 2016)”
“Чанартай багшийг бүтээх” гэсэн хэллэгт “нийгмийн хөгжил хүнээс, хүний хөгжил багшаас, багшийн хөгжил багш бэлтгэдэг сургуулийн дэвшлээс” гэсэн утга санаа л байдаг юм.  Финланд хэлэнд багш гэдэг үг “хүний амьдралын замыг гэрэлтүүлэгч” гэсэн утгатай. Финландын соёлд багш  ийм л эрхэм хүн, тийм л энгүй мэргэжил юм.  Ийм учраас багшийн цалин бусад мэргэжлийнхээс дутахгүй, гэхдээ бас тийм ч их биш. Багш болох хүсэлтэй хүүхэд тэнд нэн олон. Тэднээс харин багшид тэнцэж элсэх нь тун цөөн. Тэднийг шинжиж, ихэд ярилцсны дүнд багшийн мэргэжлийг тээгч болж чадахуйцыг нь сонгон авч бүх зардлыг төр, түмэн дааж, гурван жилд багтаан судлах нарийн төлөвлөсөн сургалтын төлөвлөгөөгөөр дээд зэргийн чанартай бэлтгэнэ. Бэлтгэгдсэн багш бүр л багшийн ажлаа дурлаж хийнэ. Хийхдээ мэргэжлийн өндөр түвшинд хийнэ.  Тэд багш төдийгүй бас хүүхэд судлаач болж бэлтгэгдэнэ. Ингэж бэлтгэсэн багшдаа төр, сургууль, захирал, ер нь, нийгмийн институтиуд бүрэн итгэнэ, найдна. Энэ нь төвлөрөл, эс төвлөрлийг тэнцвэржүүлэхийн язгуур үндэс болдог ч байж мэднэ.  Энэ нь эргээд стандарт суурилсан сургалтын нээлттэй хөтөлбөрийн бодлого хэрэгжих хөрс суурь болно.  
Үүнийг ажигласан бидний дунд мөн ийм нэгэн эргэцүүлэл, хэлэлцүүлэг, зэрэгцүүлэл өрнөж байв.
“Манай улсын их дээд сургууль багш бэлтгэх оюутанг ярилцан шинжиж сонгодоггүй, харин шалгалтын оноогоор элсүүлдэг нь учир дутагдалтай байгаа юм. Мөн багшийн цалингаас хамаарч багш болох дур сонирхолтой оюутан  тэр бүр элбэг биш, байлаа гэхэд дундаж үнэлгээтэй нь олон байх.....Багшийн мэргэжлээр суралцаж байгаа оюутны төлбөрийг төр бүрэн хариуцдаг байсан тэр замдаа бид эргэж орвол зохино. 1990 оноос өмнө 60 төлөг бүхий бэсрэг хонин сүргийн цэнэтэй дүйцэх цалинтай байсан багш нар одоо 6 хүрэхгүй төлөгнийхтэй дүйцэх цалин авч байх. Багшийн цалин ийнхүү 10 дахин багассан явдал үнэндээ багшийн нийгмийн үнэ цэнийг төчнөөн дахин бууруулсан байх магадлалтай. Цалин ийм учраас эрэгтэй хүүхэд багш болох гэж тэр бүр дурлахгүй байна. Ийм учраас манайд улсын сургуулийн 10 багшийн 9 нь эмэгтэй байх. Багшийн мэргэжлийн ингэж жендерчилэгдсэн байдал нь эргээд  хүүхдийг, тэр тусмаа эрэгтэй хүүхдийн төлөвшил, сурлага, цаашилбал, сургуулиа хаяхад нөлөөлдөг байж мэдэх.  Иймд бид 1990 оноос өмнө багшийн талаар төр засгаас авч хэрэгжүүлж байсан өөрийн орны туршлага, уламжлалыг эргэн харж, түүнээс суралцвал зохилтой мэт. Багшийн цалинг эрс нэмэх, багш бэлтгэх хөтөлбөр, төлөвлөгөөг эрс шинэчлэн хэрэгжүүлэх хэрэгтэй. Багш бэлтгэдэг сургуулийн захирал, удирдлагын томилгоог намчирахалаас ангид болгож, мэргэжлийнх болгох, байгууллагын хамт олны саналыг авах, ардчилсан зарчмаар сонгодог болох .... “(Финландын хичээл судлах багийн хэлэлцүүлгийн тэмдэглэл, 2016)”
“Боловсролыг үнэлэх” гэсэн хэллэгт боловсролын тогтолцоог оношлох гэсэн утга л бий. Боловсрол олон хүчин зүйлийн олон давхар хамаарал тул түүний чанар тэр бүр амархан хэмжигдэхгүй, хялбар илрэхгүй байх. Алдаж байж мэдэх тул боловсролыг тогтолцооны хувьд оношилж, түүний талаар зөв баримжааг авч, оновчтой бодлого, арга хэмжээг авч  хэрэгжүүлэх нь боловсролын үйлчилгээний үр ашиг, өгөөжийг тасралтгүй нэмэгдүүлэх нэгэн арга зам, ухаан байдаг.
Үүнийг эргэцүүлэх явцад ийм нэгэн зэрэгцүүлэл төрж байв.
“Манай улсад боловсролын үнэлгээ бодит хэмжилтэд тулгуурлаж хийгдэггүй.  Боловсролын хэмжил зүйг манай улс бодлоготойгоор хөгжүүлэх хэрэгтэй.  Хэмжилт хуурмаг болохоор эцэстээ ойлголцохоо байчихдаг. Боловсролын үнэлгээний төвийн 2015-2016 оны хичээлийн жилийн чанарын үнэлгээгээр математик хичээлээр хүүхдийн үзүүлсэн сурлагын амжилтын улсын дундаж хувь 30 байхад багшийн үнэлгээ болох төгсөлтийн шалгалтынх нь түүнээс 50-60 хувиар илүү байх. Ийм л зөрүүтэй хэмждэг багаж хэмжүүр (cорил)-ийг улс даяараа хэрэглээд байгаа юм. Дүнд нь аль  нь үнэ бодитойг ялгахад хэцүү болох.  Хуурмагаар хөөрөх үү, бодитойгоор бодлого хийх үү гэдэг нь бидэнд тулгарч буй боловсролын үнэлгээ, хэмжил зүйн тулгамдсан асуудал болчихоод байна даа... Энэ чиглэлээр үндэсний хүний нөөцийг бэлтгэх. Бодит хэмжилт л бодит үнэлгээнд хөтөлнө. Бодит үнэлгээ бодит дүгнэлт, дүнд хүргэнэ. Бодит дүгнэлт бодит ухаарал, бодит бодлогод хөтөлнө. Үүнийг л бүх түвшинд ухаарч, мэдэрч ажилламаар....”(Финландын Оулугийн их сургуульд томилолтоор ажилласан үеийн тэмдэглэл, бодол эргэцүүллээс, 2016)
Төвлөрөл, эс төвлөрлийг тэнцвэржүүлэхгэсэн хэллэгт боловсролын үйлчилгээг хүргэх бүтэц, үйл явцад эрх үүрэг, хариуцлагын тогтолцоог онож тогтоох гэсэн утга бий. Хэт төвлөрүүлэх, бас хэт задлахгүй байхын тул хэнд юуг төвлөрүүлэх, юуг эс төвлөрүүлэхийг ялгаж тогтоох нь боловсролыг хамтын оролцоо, хүчин зүтгэл, итгэлцлэлийн дүнд хөгжүүлэх гэсэн нэгэн арга ухаан юм. Финландын багш бүр мэргэжлийн шийдэл хийхдээ биеэ даасан шинжтэй байна. Багшийн мэргэжлийн ажил, үүрэгт, захирал, ер нь албан тушаалтан үл оролцоно. Финланд улс багшийг мэргэжлийн өндөр түвшинд чанартай бэлдсэн тул тэдэнд итгэнэ. Багш бас мэргэшсэн тул түүнд өөрийгөө болон өрөөлийг хуурах ёс зүй, ёс суртахуун үгүй. Сургалтын үндэсний хөтөлбөр нь зөвлөмж, удирдамж шинжтэй, чиглэл, зорилго бүхий цөөхөн хуудастай баримт бичиг байх. Финландын боловсролын тогтолцооны бүрдэл бүр нь эрх үүрэг, хариуцлага, ёс зүйн хэм хэмжээний төвлөрөл, эс төвлөрлийн зохицлоор нэгссэн бүхэл, бүхэлжсэн хэсэг юм. Тэгэхээр бүхлийн хууль, тогтолцооны онол ёсоор энэ тогтолцоо өөрөө өөрийгөө төгөлдөржүүлж байх. Ингэж төгөлдөржснийх нь үр  Финландын боловсролын одоогийн амжилт мөн.
Үүнийг эргэцүүлэх явцад ийм нэгэн зэрэгцүүлэл төрж дурсамж сэдэрч байв. 
“Боловсролын салбарын 200 гаруй шилдэг эрдэмтэн, судлаачаас бүрдсэн баг ерөнхий боловсролын 20 гаруй стандартыг боловсруулж төрийн захиргааны төв байгууллагадаа хүлээлгэн өгч, улмаар Стандартчилал, Хэмжил зүйн төвөөр баталгаажуулж,  тэдгээрийг улс орон даяар 2003 оноос хэрэглэх, хэрэгжүүлэх гэж оролдсон тэр он жилүүд одоо тэртээд түүх болж үлджээ. Стандартад суурилсан нээлттэй хөтөлбөрийн бодлогыг хэрэгжүүлэх гэсэн бидний энэ оролдлого уг нь стандартаар төвлөрлийг, сургалтын нээлттэй хөтөлбөрөөр эс төвлөрлийг бий болгох замаар боловсролыг нэг өрөөнөөс хэдхэн хүн удирддаг байдлыг өөрчилж, харин хамтын хүчээр хөтлөх гэсэн хөгжлийн санаа, хэрэгжүүлчихэж болохоор үйлс байсан юм даа. ...Их ч цаас үрж, багагүй ч зардал гаргаж, их ч зүтгэлийг үүнд зориулсан даа, бид. Гэвч энэ нь томилогдож ирсэн, кембрижчилэх хөдөлгөөнөөр хөөрсөн, хийрхсэн, хийссэн, хуулбарлах сэтгэлгээтэй  улс төрч сайд, удирдлага, түүний багт гологдсон юм.  Монголчууд бидний  голж орхисон хөгжлийн энэ санааг харин Финланчууд хэрэгжүүлж амжилт олсон байх юм даа...”(Бага, дунд боловсролын стандартыг боловсруулах төслийн удирдагч болон стандарт суурилсан нээлтэй хөтөлбөрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг хариуцан боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад мэргэжилтнээр ажилласан байсан үеийн өөрийн дурсамжаас, 2003-2008)
      Финланд улсын Оулугийн их сургуульд  2 долоо хоногийн турш томилтоор ажилласан МУБИС-ийн баг их сургуулийн профессор, бага, дунд сургуулийн захирал, багш, эцэг эх, иргэдийн төлөөлөл болох, нийт 20 гаруй хүнээс “Боловсролынх нь амжилтын Финландын нууц юу вэ” гэсэн агуулгатай нэг асуултыг олон хэлбэрээр тавьж хариулт авч байв. Хариулт бүр эхлээд сонсоход их өөр өөр мэт  байв. Хариултын утга санааг илэрхийлсэн түлхүүр үг хэллэгийг ялган дор мөн оруулав (Зураг 1)
                                      Зураг 1. Нэг асуултын олон хариултын түлхүүр үг хэллэг

Асуултын олон хариултын түлхүүр үг хэллэг утга санааг олон дахин эргэцүүлж, хэлэлцсний дүнд бид энэ асуултын нэг хариултад хүрэв. Тэр нь энэ. “Финланд улсын боловсролд олсон амжилтынх нууц нь үнэндээ нууц биш, харин соёлдоо л байна


                                      Зураг 2. Финдландын боловсролын соёлын хүчин зүйл

Финланд улс боловсролын салбартаа их амжилт олоход нөлөөлсөн соёлын гурван хүчин зүйлийг энд  онцлон тэмдэглэж байна.  1. Улс төрийн соёл, 2. Уншдаг соёл, 3. Литеран шашин. 

Боловсролын салбарт нийгэм төвт ардчилсан үзэлд үндэслэсэн бодлогыг урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлсэн улс бол Финланд юм.  Тусгаар төр улсыг бүтээн урлах 100 орчим жилийн ихэнхид нь улс орныг социал-демократ, төв үзэл давамгайлсан  улс төрийн хүчний эвсэл удирдаж, боловсролд төвлөрөл, эс төвлөрлийн шүтэлцээг хангасан, ялгаатайд ялгаатай нөөц, үйлчилгээ, боломжийг олгох замаар л адил тэгш байдлыг бий болгох бодлогыг тогтвортой, урт хугацаанд хэрэгжүүлсэн байна. Энэ нь Финландын боловсролын амжилтын шалтгаан, нэгэн нууц, өрөөлтэй хуваалцах тэдний нэгэн сайн үлгэр мөн.   

Финландын зон олон уншдаг түмэн. Номын сан пиг дүүрэн уншигчидтай байх. Тэгэж уншиж суух таатай боломжийг иргэддээ бас төр бүрдүүлсэн байх. Нэг финланд хүн жилд дундажаар 9 номыг гэртээ уншихаар номын сангаас зээлдэг. Финланд хүүхэд сургууль орохдоо эх хэл болон англи хэлээр бичигт үсэгт аль хэдийн тайлагдсан байх нь түгээмэл. Унших бодоход; бодох эргэцүүлэхэд, эргэцүүлэх  харилцахад; харилцах ярих, бичихэд; бичих уншихад; унших бодоход хөтөлнө. Унших, бодох, эргэцүүлэх, харилцах, ярих, бичих угтаа нэг. Финланд түмний уншдаг энэ зан үйл нь эргээд боловсролынх энэ цагийн амжилтын үндэс, бас нэгэн нууц мөн.  

Герман улсын иргэн, санваартан Мартин Литер  “Эх баримт бичигт л итгэл үнэмшлийн эх язгуур нь бий” гэсэн зарчмыг баримтлан 95 тезисыг тунхагласан нь Литеран шашин үүсэхэд хүргэсэн юм. Итгэл үнэмшлийн язгуурыг хэн нэг этгээдээс бус харин эх зохиолоос л олж үзэхийг чухалчилсан шашины энэ урсгал мөн чанараараа мунхаглан, мухарлан сүсэглэх бус харин уншихыг л угтаа чухалчилж байна. Уншиж чимээгүй эргэцүүлэх нь хэлбэрдэхээс илүү цэнэтэй байх нь л дээ.  Бас энэ шашинд садар самуун, худал хуурмаг, хулгайг бус, харин үнэнч байдал, итгэлцэл, гэр бүл их чухал байдаг аж.  Гэртээ эх зохиолоо уншиж эргэцүүлэхийг эрхэмлэсэн итгэл үнэмшлийн энэ эх үүсвэр нь эргээд ном унших, чимээгүй бүтээхийг гэр бүлийн амин чухал зан үйл болгоход хөтөлж байна. Гэр бүлийн түвшний энэ зан үйл нь эргээд боловсролынх энэ цагийн амжилтын түлхүүр, нэгэн нууц мөн.  

            Финландын боловсролын хөгжил, дэвшил, амжилт хууль, зарчмыг нийтээр дагах; бодлогыг урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлэх; хөгжилд нийгэм төвт ардчилсан үзэл, бүхэллэг хандлагаар эргэлт буцалтгүй замнах; улс төрийн  болоод литеран шашины үнэт зүйлийг эрхэмлэх; багшийг чанартай бэлтгэх, багшийн биеэ даасан байдал болон академик эрх чөлөөг хангах соёл  хийгээд газар зүйн байршил, цаг агаар, уур амьсгал, хүн амын тоо, гэр бүлийн үнэ цэнэ зэрэг олон хүчин зүйлээс хамаарч байгаа нь олон орны олон судлаачийн олон янзын хариулт, тайлбараас харагдана. Боловсрол бүхэлдээ соёл тул Финланд улсын боловсролын амжилтынх түлхүүр, үндсэн хүчин зүйл нь иймд мөн л Финланд соёл болно. Энэ нь олон хариулттай тэр нэг асуултын оносон хариулт мөн. 

            Боловсрол олон хүчин зүйлийг нийлмэл хамаарал; тэр нийгмийн гишүүн бүхэн адил тэгш хүртэж болох ганцхан боломж; тэр урт хугацаанд өгөөжөө өгдөг хүн хийгээд нийгмийн хөгжилд хандсан хамгийн цэцэн хөрөнгө оруулалт; тэр урт хугацаанд тогтвортой  өрнөх үйл явц; тэр хүний хөгжил, нийгмийн дэвшлийн эх; тэр эцэстээ хамтран онож аж төрөх, орших, одох соёл; тэр төвлөрөл, эс төвлөрлийн нэгсэл, төв ухаан, тэр чанартай багшийн зүтгэлийн үр, тэр цаас, үг төдий бус харин  үйл гэдгийг үйлс болгож чадсанд л боловсролыг хөтлөх Финланд урлаг; Финланд ухааны мөн чанар оршиж байна.  

Ном зүй
R. Laukkanen (2008). Finnish strategy for high-level education for all. In N. C. Soguel and P. Jaccard (eds.).Governance and Performance of Education Systems. 305–324. Springer, at p. 319.

Linda Darling-Hammond, (2010), What we can learn from Finland’s successful school reform, Retrieved from http://www.nea.org/home/40991.htm/
Kelly Day, (2015), 11 ways Finland’s education system shows that less is more, Retrieved from https://fillingmymap.com





[1]  Lutheranism.  Герман улсын иргэн, санваартан Мартин Литер  “Эх баримт бичигт итгэл үнэмшлийн уг үндэс нь бий” гэсэн зарчмыг баримтлан 95 тезисыг тунхаглажээ. Литеранизм нь энэ тунхаглалыг баримтладаг Хритосын шашины нэгэн урсгал юм.
[2] Equity-  ялгаатайд ялгаатай хандаж ижил тэнцүү байдлыг бий болгох.  Equalitу- яг тэнцүү, ижил хандах.

Sunday, January 29, 2017

Сурах Язгуур Ухаан, Багшлах Язгуур Урлаг



Сурах Язгуур Ухаан, Багшлах Язгуур Урлаг
Ц.Лувсандорж, МУБИС
Сурах язгуур ухаан
Хүн тогтолцоо юм. Тэр дорны соёл иргэншлийн утгаар бие, хэл (оюун), сэтгэл;  өрнийхөөр бие, оюун, спирит[1] бүхий оршихуй. Хүний сурах үйл иймд биеийн ч, оюуны ч, сэтгэлийн ч бүрдэлтэй. Сурах үйлийн  бие, оюуны бүрдэл, тэдгээрийн нэгсэл, шүтэн барилдлагаа нь тархины бодит судалгаа[2]-гаар улам нотлогдсоор байгаа бол түүний бие, сэтгэлийн бүрдэл, тэдгээрийн шүтэн барилдлагаа нь сэтгэлийн оюуны[3] онолын хүрээнд илэрсээр байна. Харин сурахын бие, сэтгэлийн бүрдэл, тэдгээрийн нэгсэл, шүтэн барилдлагаа нь сэтгэлийн биологоор илрэх болно. Сурах иймд бас л тогтолцоо юм (Бүдүүвч).
Эрүүл хүн л амжилттай суралцана. Хүн эрүүл байна гэдэг нь зөвхөн биологийн хувьд эрүүл байх төдий бус, харин тогтолцооныхоо хувьд эрүүл байна гэсэн үг юм. Тэгэхээр хүний эрүүл байдал нь бие, оюун, сэтгэлийн шүтэн барилдлагааны эрүүл нэгслээр хэмжигдэнэ. Бие эрүүл, оюун саруул, сэтгэл тунгалаг байх нь эрүүлийн тогтолцоот шинж юм. Энэ нь сурч аж төрөх, аж төрж сурах; cурч хөгжих, хөгжиж сурах[4] -ын зайлшгүй нөхцөл мөн.
Эрүүл хүнд сурах үйл бүх биеийн бүхэл мэдрэмжээр эхэлнэ. Энэ мэдрэмж нь нүд, хамар, чих, ам, арьс, тархи, билиг оюун[5] зэрэг хүний биеийн бүх эрхтэн, хэсгийн харах,  үнэрлэх, сонсох, хүрч мэдрэх[6], төсөөлөх, зөн барих[7], дээд түвшинд мэдрэх[8] зэрэг бүх мэдрэмжийн нэгсэл, нийлэмж байна. Эдгээрээс сэтгэл, бие; сэтгэл оюуны шүтэн барилдлагаанаас үүдэх зөн, дээд мэдрэмж нь сурахын анхдагч үйлийн хөтөч, чиглүүлэгч юм. Зөн, дээд мэдрэмжийн энэхүү хөтөч, чиглүүлэгч үүргийн мөн чанар, уг шалтгааныг  дөнгөж төрсөн хүүхдийн мөөмөө олохоор хийж буй үйлийнхтэй ижилсгэн зүйрлэж болно.
Сурахын эхэнд хийгдэх мэдрүүлэн бүхэллэг ухааруулах, ухааруулан бүхэллэг мэдрүүлэх үйлийн явцад сэтгэл хөдлөл бий болдог. Мөн бие, оюун, сэтгэлийн бүрдэл бүхий мэдрэмжээр мэдрэлийн эс, төв цочирно. Энэхүү цочролоос үүдсэн хэлбэлзэл[9] -ийн үр дагавар болж тэдгээрийн хооронд цахилгаан, химийн холболт[10] бий болно. Ийм холболтын дүнд мэдрэлийн эсүүдийн хооронд мэдээлэл дамжина, дүнд нь мэдрэлийн сүлжээ[11] бий болно. Энэ нь мэдэх, сурах үйлийн биологи мөн. Ийм биологи бүхий сүлжээ, холбоосын нийлэмж  нь шинээр сурч, мэдэж буй зүйлийн оюуны төсөөлөл, дүр[12] мөн. Сурах үйл явцын бүхэллэг мэдрэмж, төсөөллийнх нь үр болсон оюуны энэ дүр, төсөөлөл  мөн л биологитой. Шинэ зүйлийг сурах, мэдэхэд мэдрэлийн эс хийгээд төвүүдэд шинээр нэмж үүссэн тэрхүү холбоосын тоон хэмжээ, харьцааг тооцоолох замаар хэмжиж[13] болох тул сурахын оюун дүр, төсөөлөл мөн хэмжээстэй, хэмжүүртэй. Сурах нь иймд тархи хийгээд биед биологи бүхий шинэ бүрдлийг бий болгодог хүний гайхамшигт нэгэн үйл мөн. Ингэж бий болсон шинэ биологийг хүн бие, оюун, сэтгэлийн нэгслээр мэдэрч сэтгэл нь хөдөлдөг. Хүний энэ мэдрэмж, сэтгэлийн тэр хөдлөлийн мөн чанарыг эх хүн хэвлийдээ хүүхэд олсноо мэдрэхэд үүсэх сэтгэл хөдлөлийнхтэй ижилсгэн зүйрлэж болно. Сурах  ингэж баясал, цэнгэл болдог. Сэтгэл хөдлөлжсөн төсөөлөл, төсөөлчлөгдсөн сэтгэл хөдлөл  нь сурахын эхлэл, мэдлэг бат бэхжихийн эх үндэс мөн. Энэ нь оюунд бий болсон шинэ холболт, дүрийг хураангуйлан кодлох, утга оноохын эх үндэс болно.
Сурах үйл явцын дараагийн алхамд хүн шинээр сурсан зүйлийн оюуны дүр төсөөлөлд утга онооно; нэршүүлнэ; хураангуйлж кодлоно; бүртгэнэ; эрэмбэлж цэглэнэ. Үүний дунд шинээр сурсан зүйл хүртэгдэнэ[14], хэлэгдэнэ, сонсогдоно, уншигдана, бичигдэнэ, харагдана. Энэ шинжээрээ энэ шатанд сурсан зүйл нь хэмжигдэнэ, шалгагдана, үнэлэгдэнэ. Энэ шатанд хүн шинэ зүйл сурсан, мэдсэн эсэхээ харьцаж харуулах боломжтой, мөн өрөөлд түүний сурсан, мэдсэн эсэх нь бас ажиглагдана.  Сурах  үйлийн энэ хүртэлх үр нь мэдлэг мөн.
Сурах үйлийн явцын үр болох мэдлэгийн биологи нь эцэстээ мэдрэлийн эс, төвүүдийн холболт тул цочрол, хэлбэлзэл үгүйрэхэд холбоос амархан үгүйрнэ. Энэ нь мартахын биологи юм. Мартах нь иймд сурах үйл явцад тохиодог оюуны нэгэн үзэгдэл мөн. Сурах үйлийн өрнөлийг утга оноох түвшинд зогсоосны дараа хүний мэдэрсэн, төсөөлсөн, мэдсэн зүйл амархан мартагдана. Сурах мартах болох энэ үзэгдэл харамсалтай нь бодит амьдралд их түгээмэл байдаг. Үүнийг Монголчууд салан байвгайн дүрээр үлгэр болгон сануулсаар байдаг. Мэдсэний дараа мартагдсан зүйл, үйлийг дахин хийхэд хүн мэдрэмж, төсөөлөл, сэтгэлийн хөдлөлийн уг чанараас улбаалан анхныхаасаа, харин, түүнийг амархан мэдэрнэ, төсөөлнө, мэднэ. Үүнийг мэдлэг сэргээх гэж ярина.
Сурсан зүйл, мэдсэн мэдлэгээ “сураагүй, мэдээгүй юм шиг” болгохгүйн тулд мартахгүй байх хэрэгтэй. Мартахгүй байхын тул мартахын биологи, нөхцөл байдлыг биед үүсгэхгүй байх шаардлагатай. Үүний тулд сурсан зүйлийнхээ оюуны дүрийн биологи, холбоосыг идэвхитэй байлгах болдог. Түүний тулд сурах үйл явцыг давтан хийх, ижил төрлийн нөхцөлд сурах үйлийг эхнээс нь дахин гүйцэтгэнэ, хэрэглэнэ. Мөн урт хугацааны санамжид сурахын оюун дүрийн утгыг бэхэлж өгөхийн тулд сэтгэл,түүний хөдлөлтэй сурах үйл явцын шат бүрийн үйлийг холбоно. Ингэсний дүнд мэдлэг бататгадаг, бэхждэг. Энэ бүхний эцэст сурахын биологи нь хүний биеийн төрмөл хэсэг шиг болж, дүнд нь мэдлэг чадвар; чадвар дадал болж хувирна. Ийнхүү өрнөдөг сурах үйлийн үр нь эцэстээ хүний бүтэн хөгжил юм. Бүхэл сурахад бүтэн хөгжинө, бүтэн хөгжихөд бүхэл сурдагийн мөн чанар үүнд оршино.




Сурах нь гарт орсон өргөсийг авах лугаа хурдан өрнөх үйл биш, харин тасралтгүй, удаан, баясалтай, хөгжилтэй явагдах үйл явц мөн. Яст мэлхийнхтэй ижилсгэгдэн зүйрлэгдэх сурахын энэ мөн чанарыг эс таньсан, эс барьсан, эс баримталсан хүнд өөрийгөө сурч баясах, баясаж сурах, сурч боловсрох, хөгжиж сурах, сурч хөгжих үйлээс ангид авч үзэх хандлага ажиглагдана. Харин сурахыг өөрийнхөө үйл, ертөнцийн нэгэн салшгүй хэсэг болгосон хүн мэдэрнэ, баясана, мэднэ, эргэцүүлнэ, эргэлзэнэ, өөртөө итгэлтэй болно, өөрөө өөртөө сэтгэл хангалуун болж эцэстээ хөгжинө, хөгжилд хүрнэ. Сурах язгуур ухаан[15] ингэж хүний бүтэн хөгжил[16]-ийн урлаг болно.
Багшлах язгуур урлаг
Сурах үйлийн мөн чанарын язгуур дээрх шинжийг танин барьж, баримталснаар хүн бүр өөрөө өөрийнхөө багш байж сурч чадна. Бас өрөөлийн багш болж, түүнийг сурахад хөтөлж чадна. Үүний тулд тэр багшлах ухаан, багшлах урлагийг эзэмших хэрэгтэй.
Сурахын язгуур зүй тогтлын дагуу судлах, суралцах агуулгыг суралцагчийн хийх  үндсэн үйл, үйл ажиллагаа болгон хувиргах нь багшлах гэсэн үгийн язгуур утга, багшлах ажлын язгуур үйл, багшлах язгуур санаа, ухаан[17] юм. Багшлах язгуур ухаан багшийн уран үйлээр л урлаг болно. Энэ үед багшлах язгуур ухаан багшлах язгуур урлаг[18] болдог. Багшлах ухааныг багшлах урлаг болгодог тэр уран үйл нь агуулгын боловсруулалт, агуулгын дидактик хувиргалт[19], агуулгын дидактик инженерчлэл[20], агуулгын дахин бүтэцчилэл[21], агуулгын дидактикийн бүтэн шийдлийн нэгсэл, нийлэмж болох дидактик шийдэл, арга зүй, дидактикаар илэрнэ.
Сурахын язгуур мөн чанарын дагуу ерөнхий боловсролын математик, математикийн ерөнхий боловсролыг эзэмшихэд судалдаг академик агуулгыг хүүхдийн хийх үйл болгон хувиргах арга зүй, аргачлал[22]-ыг боловсруулж, МУБИС-ийн математикийн багш мэргэжлийн оюутнууд үздэг математикийн дидактик хичээлийн хүрээнд олон арван сэдвийн язгуур дидактикийг олон жилийн турш боловсруулж, ерөнхий боловсролын МОНГЕНИ сургуульд туршиж байна. Мөн тэдгээрийг МБУС-ийн Дидактикийн тэнхмийн Багшлах Урлаг сэтгүүлийн аргазүйн буланд хэвлүүлж мэргэжлийн бүлийн хүртээл болгон хэлэлцүүлж байна. Тэдгээрээс хуваахын язгуур дидактикийг дор жишээлэн оруулав.
Хуваахын Язгуур Дидактик
Хуваах нь багцлан авах гэдгийг хүүхдээр мэдрүүлж ухааруулах[23]-ын тулд хүүхдийг өөрсдийг нь багцлах үйлийг эзэд болгох дасгалд хийлгэдэг юм. Үүний тулд  хэд хэдэн хүүхдүүдийг сайн дураар нь самбарын өмнө гаргаж,  багт хуваах, тэр тусмаа ижил тооны гишүүдтэй баг хуваах үйл ажиллагааг гүйцэтгүүлдэг (Багцлалт үзүүлэнгийн нэгдүгээр алхмыг хар). Үзүүлэнд 10 хүүхдийг 3 гишүүнтэй багт хуваах үйл ажиллагааг хийлгэснийг дүрслэн үзүүлсэн байна.  Ингэхэд баг болоогүй нэг хүүхэд үлджээ.  Энэ үйл ажиллагааг ангийн бусад хүүхдийг оролцуулан заавал хийлгэдэг юм. Учир нь хуваах гэдэг багцлах, багцлан ялгах, авах гэсэн язгуур утга санааг мэдрүүлэн ухааруулах, ухааруулан мэдрүүлэх энэ алхмын дүнд хүүхдэд cэтгэл хөдлөлжсөн төсөөлөл, төсөөлчлөгдсөн сэтгэл хөдлөл бий болдог. Энэ нь сурахын гүн эхлэл, мэдлэг бат бэхжихийн эх үндэс байдаг.









Бүхэл биеэр мэдэрч ухаарсан, ухаарч мэдэрсний үр болох төсөөлөл[24] хүүхдэд бий болсон эсэхийг зургаар дүрслэх харуулах замаар таньдаг  (Багцлалт үзүүлэнгийн хоёрдугаар алхмыг хар). Энэ алхамд хүүхэд бүр өмнө биеэр хийж гүйцэтгэсэн багцлах, баг болгох үйл ажиллагаагаа дүрсжүүлэн зурж харуулна.  Үзүүлэнд нэг хүүхэд таван хошууг ашиглан дөрвөөр багцалсныг харуулсан бол нөгөө нь дөрвөлжин дүрсийг ашиглаж таваар багцалсныг харуулжээ. Багцлалтыг зурж дүрслэх, дүрслэн зурж буй хүүхдийн оюунд мэдрэлийн эсийн холболт, химийн урвалын дүнд дүр[25], төсөөлөл бий болсон байх юм. Энэ нь оюунд бий болсон шинэ холболт, дүрийг хураангуйлан кодлох, утга оноохын эх үндэс болдог.
Хуваах нь багцлах үйлдлээр мэдрэгдэж оюунд дүрслэгдэх тэр эгшинд тоог тоонд хуваахыг хураангуй код болох тэмдэгтээр, математик хэлээр илэрхийлж, тэрхүү код, илэрхийллийг нэршүүлнэ (Багцлалт үзүүлэнгийн гуравдугаар алхмыг хар). Энэ эгшинд  хүүхдийн биеэр мэдрэгдсэн, оюунд төсөөлөгдсөн тэр нэгэн зүйл шинэ нэр томьёо, шинэ ухагдахуун, шинэ дүрэм болгон хувирч богино хугацааны санамжид хадгалагддаг.
Сэтгэл хөдлөлтэй холбож, дахин дахин дуудан хэрэглэгдсэний дүнд тоог тоонд хуваах (оронгоос үл хамаарах) шинэ мэдлэг, чадвар нь эцэстээ урт хугацааны санамжид бууж,  мартах, будилахын айдасгүй болж хүүхдэд төрөлхийн юм шиг, өөрийнх юм шиг болсон байдаг. Энэ эгшинд биеэр үйлдэгдсэн, оюунд төсөөлөгдөн кодлогдсон, дахин дахин дуудагдан хэрэглэгдсэн тэр шинэ зүйл бэхжсэн, бататгагдсан мэдлэг, чадвар, дадал болсон байх юм.
Сурах нь биед биологи бүхий шинэ бүрдлийг бий болгодог хүний гайхамшигт нэгэн үйл юм. Ингэж бий болсон шинэ биологийг хүн бие, оюун, сэтгэлийн нэгслээр мэдэрч сэтгэл нь хөдөлдөг. Тэр эгшинд сурах баясал, цэнгэл болно. Энэ баясал, цэнгэл хүнийг эргэцүүлэлд хөтөлнө. Энэ үед сурах ухаарал болдог. Энэ ухаарал бас заримдаа алдаатай байх нь бий. Энэ үед сурах эргэлзээ байдаг. Эргэлзээг арилгахын тулд сурах үйлийн өрнөлийг эхнээс давтана, магадлана. Үйлийн энэ эргэлтэд сурах давтлага, дадлагажилт болно. Бас мэдлэг чадвар; чадвар дадалд хувирна. Хүн өөртөө итгэлтэй, үйлдээ сэтгэл хангалуун байна. Сурах үйлийн ийм өрнөлтийн дүнд хүн бие, сэтгэл, оюуны хувьд хөг орж бүтэн хөгжинө. Энэ утга нь чухамдаа сурах, хөгжихийн мөн чанарын язгуур  юм. Бас сурахын язгуур ухаан мөн. Сурахын язгуур зүй тогтолтой уялдуулан судлах агуулгыг суралцагчийн хийх үндсэн үйл, үйл ажиллагаа болгон хувиргах нь, тэгэхээр, багшлах гэсэн энэ үгийн язгуур утга; багшлах ажлын язгуур үйл, багшлах урлагийн язгуур ур, багшлах ухааны язгуур үндэс мөн.



[1] spirit
[2] neurоscience
[3] emotional intelligence
[4] хөг орох, хэм орох.  Ж.Баярсайхан, Ц.Лувсандорж, Хүн хөгжим, “Тэнгэрлэг үсэг ХХК, Xpress хэвлэх үйлдвэр , 2015, х112
[5] wisdom
[6] touch
[7] intuition
[8] metacognition
[9] electro-chemical pulse called an action potential (or nerve impulse)
[10] electro-chemical interactions
[11] neuron networks with synaptic connections
[12] image
[13] new foundation for representation in cognitive and brain science
[14] perceiving, perception
[15] anthropological theory of learning
[16] Ц.Лувсандорж, Бүхэл хүний бүтэн хөгжил боловсролын ирээдүй, Багшлах урлаг сэтгүүл, 2015/2, х 6-9
[17]  anthropological theory of teaching
[18] teaching art representing  anthropological theories of  learning and teaching
[19] didactic transformation
[20] didactic engineering
[21] didactic restructuring
[22] Ц.Лувсандорж, Сэдвийн дидактикийн бүтэн шийдлийн нэгэн аргачлал, “Математик, байгалийн ухааны дидактикийн тулгамдсан асуудал, шийдэл, арга зам эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл, хуудас 8-15, 2015, УБ
[23] emotional intelligence
[24] representation
[25] image, mapping