Thursday, November 14, 2013

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ



Хүүхдийн авьяасыг нээж, хөгжүүлэх үйл ажиллагаа зохион байгуулах тухай


№А/52
2012.10.08

 
Хүүхдийн авьяасыг нээж, хөгжүүлэх үйл ажиллагаа зохион байгуулах тухай

Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дугаар заалт, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн "Гурав. Эрдэм боловсролтой Монгол хүн" бүлгийг тус тус  үндэслэн ТУШААХ нь:

1.      Монгол хүүхэд нэг бүрийн авьяасыг нээн хөгжүүлж, амжилтад хүргэх зорилго бүхий "Авьяас" хөтөлбөрийг нэгдүгээр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хоёрдугаар, багийн бүрэлдэхүүнийг гуравдугаар, шаардагдах зардлын төсвийг дөрөвдүгээр хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2.      Хөтөлбөрийг 2012 онд хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг Санхүүгийн хямралын үед эмзэг бүлгийн иргэдэд боловсролын үйлчилгээ хүргэх төслийн төсвөөс, 2013 онд хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг боловсролын төвлөрсөн арга хэмжээний зардлаас тус тус санхүүжүүлэхийг Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс (Ц.Баярхүү)-т зөвшөөрсүгэй.

3.      Хөтөлбөрийн хэрэгжилтийг хүртээмж, чанар, үр дүнгийн өндөр түвшинд зохион байгуулахыг Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар (Б.Насанбаяр), Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Д.Эрдэнэчимэг)-т тус тус үүрэг болгосугай.

4.      Хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийн 2013 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор сайдын зөвлөлд танилцуулахыг дэд сайд Б.Ургамалцэцэгт даалгасугай.     


 
Л.ГАНТӨМӨР











 
Боловсрол, шинжлэх ухааны сайдын
2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/52
дугаар тушаалын гуравдугаар хавсралт

  
"Авъяас" хөтөлбөрийг хэрэгжүүлэх багийн бүрэлдэхүүн

1.      Хөтөлбөрийн багийн ахлагч:         Б.Насанбаяр 
                                                            /БШУЯ-ны стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга/
         Нарийн бичгийн дарга:                 А.Энхцэцэг
                                                            /БШУЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн/
2.      Зөвлөх багийн ахлагч:                  Ц.Болдхуяг /Боловсрол, шинжлэх ухааны яамны сайдын зөвлөх/
         Гишүүд:                                       Д.Сосорбарам /Төрийн шагналт, Монгол Улсын гавъяат жүжигчин/
                                                            С.Саранцацралт /Төрийн шагналт, зураач/
                                                            Н.Төгсцогт /Олимпийн мөнгөн медальт,  боксчин/
                                                            Ц.Балхжав /Хөгжмийн зохиолч, UBS телевизийн захирал/
                                                            Б.Батбаяр /нийтлэлч/                                                          

3.      Менежмент багийн ахлагч:            С.Батсүх / Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын зөвлөх/
         Гишүүд:                                       Л.Отгонсүрэн /Боловсрол, шинжлэх ухааны яамны мэргэжилтэн/
                                                            Г.Ганцэцэг /Соёл, урлагийн их сургуулийн дэд захирал/
                                                            Ц.Отгонбагана /Нийслэлийн Боловсролын газрын дарга/
                                                            Д.Алтангэрэл /Архангай аймгийн Боловсрол, соёлын газрын дарга/
                                                            К.Бейбит /Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёлын газрын дарга/
                                                            Ж.Энхбаяр /Баянхонгор аймгийн Боловсрол, соёлын газрын дарга/
                                                            Л.Эгиймаа /Булган аймгийн Боловсрол, соёлын газрын дарга/
                                                            Р.Батмөнх /Говь-Алтай аймгийн Боловсрол, соёлын газрын дарга/
                                                            Ч.Отгонбаяр /Дорноговь аймгийн Боловсрол, соёлын газрын дарга/
                                                            Р.Дуламсүрэн /Дорнод аймгийн Боловсрол, соёлын газрын дарга/
                                                            Ц.Сэрнээнов /Дундговь аймгийн Боловсрол, соёлын газрын дарга/
                                                            М.Алтанцэцэг /Завхан аймгийн Боловсрол, соёлын газрын дарга/
                                                            Б.Мөнхжаргал /Өвөрхангай аймгийн Боловсрол, соёлын газрын дарга/
                                                            Б.Буянжаргал /Өмнөговь аймгийн Боловсрол, соёлын газрын дарга/
                                                            Д.Сэнгэдорж /Сүхбаатар аймгийн Боловсрол, соёлын газрын дарга/
                                                            Д.Загдгочоо /Сэлэнгэ аймгийн Боловсрол, соёлын газрын дарга/
                                                            Ш.Сувдаа /Төв аймгийн Боловсрол, соёлын газрын дарга/
                                                            Г.Цэрэндулам /Увс аймгийн Боловсрол, соёлын газрын дарга/
                                                            Г.Дэлгэрсайхан /Ховд аймгийн Боловсрол, соёлын газрын дарга/
                                                            Н.Баатар-Очир /Хөвсгөл аймгийн Боловсрол, соёлын газрын дарга/
                                                            Г.Дашдаваа /Хэнтий аймгийн Боловсрол, соёлын газрын дарга/
                                                            Р.Батжаргал /Дархан-Уул аймгийн Боловсрол, соёлын газрын дарга/
                                                            Ц.Ариунаа /Орхон аймгийн Боловсрол, соёлын газрын дарга/
                                                            А.Зургаанжин /Говьсүмбэр аймгийн Боловсрол, соёлын газрын дарга/                            

4.   Сургалтын багийн ахлагч          Отгонбаяр  /Хурд хамтлагийн гитарчин
      Гишүүд:                                   Насантогтох (СУИС-дуулаачийн багш)
                                                     Ц. Цэнд-Аюуш (Монгол Улсын Гавьяат жүжигчин)
                                                     М. Мөнгөнцэцэг (СУИС-ийн бүжгийн багш)
                                                     Б.Батболд (116 сургуулийн хөгжмийн багш)
                                                     Б.Чулуунцэцэг (34 дүгээр сургуулийн биеийн тамирын багш)
                                                     Т.Сэр-Од (Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч)
                                                     Ц. Одбаяр (амьтан тэжээгч)
                                                     Б. Ичинхорлоо (яруу найрагч)
                                                     Т. Цагаан (93 дугаар сургуулийн сурагч уран нугараач)
                                                     Д. Сэрээтэрдорж  (МУБИС-ийн технолгийн багш)
                                                     Т.Эрдэнэчулуун ("Дэлхийн зөн" Олон улсын байгууллагын ажилтан, хөгжмийн зохиолч)
                                                     Амарбат (Зохион бүтээгч)
                                                     Эрдэнэбат (зураач, гудамжны хүүхдүүдийн зургийн авьяасыг нээдэг)
                                                     Ж. Батбаяр (зураач, хүүхдийн зургийн авьяасыг хөгжүүлэх тухай номын зохиогч)
                                                     Цэвээнпүрэв (мэргэжлийн боксын дэлхийн аварга,  боксчин)
                                                     Баярсайхан (эмч, уулын спортын тамирчин)
                                                     Б. Амархүү (дуучин)
                                                     Нямсүрэн (Амархүүгийн өвөө, бизнес эрхлэгч)
                                                     Цогтсугар (эмч)
                                                     Түвшинбаяр (Олимпийн аварга, жүдогийн тамирчин)
                                                     Амаржаргал (кикбоксчин)
                                                     Д. Солонго (волейболын багш)
                                                     Гүнбаяр (шатар)
                                                     Б. Дамба (Биеийн тамирын дунд сургуулийн багш)
                                                     Насантогтох (Жудо бөхийн дасгалжуулагч)
                                                     Х. Даваахүү (Англи хэлний багш)

5.      Судалгааны багийн ахлагч:       О.Мягмар /МУБИС-ийн Сэтгэл судлалын тэнхмийн профессор. Ph.D/

         Гишүүд:                                    О.Мөнхжаргал /МУБИС-ийн Сэтгэл судлалын тэнхмийн багш. Ph.D/
                                                         Ж.Нямаа  /ШУТИС-ийн багш. Ph.D /


 
Боловсрол, шинжлэх ухааны сайдын
2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/52
дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

"АВЪЯАС" ХӨТӨЛБӨР
НЭГ. ХЭРЭГЦЭЭ

Дэлхий ертөнц даяарчлагдан, нийгмийн харилцаанд мэдээллийн технологи, техникийн дэвшил нэвтрэх тусам хүний байгалиас заяагдмал төрөлх шинж саармагжиж, амьдралын үнэт зүйлийн тухай ойлголт өөрчлөгдөн, уламжлалт ёс суртахууны үнэ цэн буурч байна. Нийгмийн харилцаа, хүний сэтгэл зүйд гарч байгаа өөрчлөлтүүд нь бухимдал, ганцаардал, айдас, гэмт хэрэг, ёс суртахуунгүй явдлыг нийгэмд газар авах нөхцөл болдог бөгөөд үүний гол хохирогч нь хүүхэд юм.

Манай улсад сүүлийн арван жилийн байдлаар жилд дунджаар 977 хүүхэд, 616 удаагийн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд 2011 онд шүүхээр шийтгүүлсэн 18 хүртэлх настай 1163 иргэний 124 нь 14-15 насны хүүхэд байна. Мөн нийслэлийн их, дээд ерөнхий боловсролын сургуулийн 2000 хүүхэд, залуучуудын дунд 2010-2011 онд хийсэн судалгаагаар  тэдний 2.9 хувь нь бензин цавуу, 1.8 хувь нь каннабис, 0.9 хувь нь экстази хэрэглэж үзсэн гэсэн дүн гарчээ.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагч, өсвөр үеийнхний дунд PC тоглоомд донтох, үе тэнгийхнээ дарамтлах, гэр бүл, насанд хүрэгчид, багш сурган хүмүүжүүлэгчидтэй харилцааны зөрчилд орох, сурах дургүйн улмаас сургуулиас завсардах явдал буурахгүй байна.

Иймээс хүүхэд бүхэнд өөртөө болон ирээдүйдээ итгэх итгэлийг төлөвшүүлэх, амьдралын сайн сайханд тэмүүлэх сэдэл төрүүлэх, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэн өөрийгөө хөгжүүлэх боломжийг тэгш олгох нь өнөөгийн нийгмийн тулгамдсан асуудал болоод байна. 

Иймд хүүхэд бүрийг авьяас чадварт нь тулгуурлан хөгжүүлэх үйл ажиллагааг олон нийтийн оролцоо, шинжлэх ухааны үндэстэйгээр зохион байгуулах, үндэсний хэмжээнд олон салбарын дэмжлэгтэйгээр хүүхдийн хөгжлийн бодлогыг тодорхойлон хэрэгжүүлэх шаардлагатай байна.



ХОЁР. ҮНДЭСЛЭЛ

Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлд төрөөс суралцагчийн онцгой авьяас, чадварыг нээн илрүүлж хөгжүүлэх, урамшуулан дэмжих  талаар заасан байдаг.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2003 оны "Улсын төрөлжсөн олимпиад зохион байгуулах нийтлэг журам"-ын дагуу ерөнхий боловсролын сургуулийн сурагч, багш нарын олимпиадыг 13 төрлийн хичээлээр, сургууль, орон нутаг, улсын хэмжээнд зохион байгуулж байна. Тус журмын дагуу улсын олимпиадын 3-ын даваанд эхний гурван байр эзэлсэн суралцагчдад дотоодын их, дээд сургуульд элсэн суралцах эрх олгон сургалтын төлбөрийг төрөөс дааж,  олон улсын олимпиадад оролцох багийн зардлыг мөн санхүүжүүлж байна.

Өнөөгийн байдлаар ерөнхий боловсролын сургуульд хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлэх үйл ажиллагаа сургууль зохицуулах агуулга болон хичээлээс гадуурх ажлын хэлбэрээр явагдаж байна.  "Дугуйлан, секцийн сургалтыг амжилттай зохион байгуулж байгаа ерөнхий боловсролын сургуулиудыг шалгаруулах болзол"-ын дагуу  жил бүр 30 орчим сургуулийг шалгаруулан, амжилтыг сурталчлах ажлыг зохион байгуулж ирлээ.

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны "Эрдэм боловсролтой Монгол хүн" гуравдугаар бүлэгт "Ерөнхий боловсролын сургалтад хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлого баримтлан, үндэсний шинэ стандарт нэвтрүүлэх", "Монгол ахуй, уламжлал, ёс заншил, түүх, соёлын онцлог шингэсэн "Зөв монгол хүүхэд" хөтөлбөрийг хэрэгжүүлэх" арга хэмжээнүүдийг тусгасан байна.

ГУРАВ. ХАМРАХ ХҮРЭЭ

·         Ерөнхий боловсролын сургуулийн сурагч
·         Багш, сурган хүмүүжүүлэгч
·         Эцэг эхчүүд
·         Иргэд
·         Хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд


ДӨРӨВ. ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО

Хүүхдийн авьяасыг нээх, хөгжүүлэх, сурах арга барил эзэмшүүлэх нийтлэг арга зүйг боловсруулан, эцэг, эх, багш, сурган хүмүүжүүлэгчдэд эзэмшүүлэх, төр иргэний нийгмийн болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын хүүхэд хөгжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааны загвар бий болгоход оршино.


ТАВ. ЗОРИЛТ

· Авъяасыг нээж илрүүлэх, хөгжүүлэх, сурах арга барил эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны  үе шат бүрээр судалгаа хийж, мэдээллийн сан бүрдүүлэх замаар нийтлэг болон тусгай аргачлал боловсруулах, түгээх;

· Хүүхдийн авъяасыг дэмжиж хөгжүүлэх үйл ажиллагааг эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч, авьяастан сурагч болон иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын оролцоотойгоор зохион байгуулж, хамтын ажиллагааны шинэлэг хэлбэрийг  бий болгох;

· Ерөнхий боловсролын сургуулийн дугуйлан секц хичээллүүлэх нөхцлийг сайжруулж, үр дүнд суурилсан эдийн засгийн хөшүүрэг бий болгох, шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх


ЗУРГАА. ХҮРЭХ ҮР ДҮН

· Хүүхдийн авьяасыг нээж, хөгжүүлэх замаар сурлагын амжилтыг нь ахиулах арга зүйг эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид эзэмшсэн байна.

· Төрийн болон төрийн бус байгууллага, гэр бүл, иргэд, хэвлэл мэдээллийн хэрэгслийн хамтын ажиллагааны загвар  бий болсон байна.

· Ерөнхий боловсролын сургуулийн дугуйлан секц хичээллүүлэх нөхцөл сайжирсан байна.

· Авъяас чадварыг дээдлэн хөгжүүлэх, хүүхдийн хөгжлийн тулгуур болгох хандлага өсвөр үеийнхэн, гэр бүл, сургалтын байгууллага,  иргэд, нийгмийн сэтгэл зүйд бий болсон байна.

ДОЛОО. ХӨТӨЛБӨРИЙН ҮЕ ШАТ, ХУГАЦАА

Энэхүү хөтөлбөр нь 2012-2013 онд дараах 3 үе шаттай хэрэгжинэ.  Үүнд:
1. Үндэсний хэмжээнд бүх хүүхдийн авъяасыг нээж илрүүлэх зорилготой судалгаа хийгдэх үе: 2012 оны 10 дугаар сараас 2012 оны 11 дүгээр сар
2. Хүүхдийн авъяасыг хөгжүүлэх дугуйлан, секц, зайны болон танхим, шавь хэлбэрийн сургалт, клубын үйл ажиллагааг зохион байгуулах үе: 2012 оны 11 дүгээр сараас 2013 оны 3 дугаар сар
3. Хүүхдүүд эзэмшсэн ур чадвартаа тулгуурлан бүтээл туурвих үе: 2013 оны 3 дугаар сараас 4 дугаар сар
4. Хүүхдүүдийн туурвисан бүтээлээр үндэсний фестиваль зохион байгуулах үе: 2013 оны 5 дугаар сар


НАЙМ. ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА


Нэгдүгээр зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг зохион байгуулна.
·         Хүүхдийн авьяасыг нээх, хөгжүүлэх, амжилтад хүргэх арга зүйг боловсруулах зорилгоор судалгаа хийх;
·         Оновчтой туршлагыг харуулсан теле хичээл, гарын авлага, зөвлөмж боловсруулах, түгээх.

Хоёрдугаар зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг зохион байгуулна.
· Багш сурган хүмүүжүүлэгч, олны танил алдартай хүмүүс, авьяаслаг иргэдээр удирдуулсан дугуйлан, секц, клубыг нийслэл орон нутгийн ерөнхий боловсролын бүх сургуулийг түшиглэн хичээллүүлэх;
· Авьяасаа нээн хөгжүүлж, амжилтад хүрсэн хүмүүсийн намтар, уран бүтээлээр баримтат уран сайхны нэвтрүүлэг бэлтгэх, уулзалт зохион байгуулах;
· Сургалтын агуулга, арга зүйг түгээн дэлгэрүүлэх, туршлага солилцох сайт нээж ажиллуулах;
· Хүүхдүүдийн туурвисан бүтээлээр үндэсний фестиваль зохион байгуулах.

Гуравдугаар зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг зохион байгуулна.

·         Ерөнхий боловсролын сургуулиудад урлаг, спорт болон бусад төрлийн дугуйлан, секц хичээллүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийг үе шаттайгаар нийлүүлэх;
·         Ерөнхий боловсролын суралцагч, хүүхдийн авьяасыг нээх, хөгжүүлэх, уран бүтээл туурвихад дэмжлэг үзүүлэх зорилгоор секц, дугуйлан хичээллүүлсэн багш, иргэнд сургуультай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд заасан шалгуур үзүүлэлтүүд, сургалтын хөтөлбөр хэрэгжилтийн бодит үр дүнг үндэслэн улирал тутам урамшуулал олгох.

ЕС. ХӨТӨЛБӨРИЙН САНХҮҮЖИЛТ

Хөтөлбөр нь улсын төсвөөс санхүүжнэ.

АРАВ. ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЛТИЙН ШАЛГУУР

·         Хөтөлбөрийн хугацаанд дугуйлан, секц, клубт хамрагдсан хүүхдийн тоо
·         Дугуйлан, секцийг удирдсан хүүхэд, багш, сайн дурын хүмүүсийн тоо
·         Зохион байгуулагдсан фестиваль, эрдэм шинжилгээний бага хурал, сонгон, дугуйлан, секц, клубын тоо, сургалтын чанар
·         Хүүхдүүдийн бүтээсэн уран бүтээлийн төрөл, тоо, чанар
·         Үндэсний хэмжээнд нэвтрүүлсэн теле хичээл, нэвтрүүлгийн тоо, чанар
·         Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зарцуулсан төсвийн хэмжээ

 

Sunday, October 27, 2013

АРГА ЗҮЙН ДИЛЕММА: АРГАЛАХ УУ, АРГАДАХ УУ?



АРГА ЗҮЙН ДИЛЕММА: АРГАЛАХ УУ, АРГАДАХ УУ?
                                                                 Ц.Лувсандорж, Т. Ганбаатар
Суралцагчдад идэх, унтах, амрах гээд физиологийн нийтлэл шинж бий. Гэвч бас сэтгэх, бодох гээд танин мэдэхүйн ялгаатай шинж тэдэнд их бий.  Нийтлэгээр бүлэглэсэн сургалт аргалах төдий үйл тул хуурмаг. Ялгааг харгалзсан сургалт аргаддаг тул бодит. Хуурмаг байх уу, бодит байх уу? Аргалах уу, аргадах уу? Арга зүйн энэ дилеммаагаас ангижирч ер нь чадах уу?
Суралцагч ялгаатай
Үүнийг эдүгээ цагийн тархи судлал сайн нотолно. Бас боловсролын гүн ухаан диконструктивизм их номлоно.
Хүний тархи  л түүнийг энэ эгшинд хамгийн сайн илэрхийлнэ. Учир нь тэр түүний биологи. Тэр мөн түүний бодлыг бүтээгч оюун.  Оюунд олдсныг  л үйлээр үйлдэг тул тэр угтаа түүний үйл, энэ амьдралыг бүтээгч, бас сүйтгэгч. Энэ чанараараа, тэр үнэндээ түүний сүнсийг хөглөн тэтгэгч, бас доройтон дордуулагч. 
Гэвч тархи их онцгой эрхтэн. Тэр биологи бүтцээ ч, физиологи үүргээ ч байнга өөрчилдөг. Мэдрэлийн гэх 100 тэрбум орчим эс, тэдгээрийн хоорондын холбоос (биологи орон, долгион, хэлбэлзэл) юм, угтаа тэр.  Хамгийн сонирхолтой, бас хамгийн чухал нь тархины тэрхүү холбоос суларна, алга болно, дахин бий болдог (DeFelipe, J 1997 Naftolin, F; Leranth &others 1996 ).
Ийм ч учраас  өчигдрийн  тэр суралцагч өнөөдрийн энэ суралцагч биш, учир нь өчигдрийн түүний тархи өнөөдрийн түүнийх угтаа биш. Тэр биологийн бүтцээ ч, физиологийн үүргээ ч өөрчилсөөн. Түүнийг энэ оршихуйн энэ эгшинд хамгийн сайн илэрхийлэгч нь ингэж л байнгын өөрчлөлтөд байх. Ингэхээр тэр ч бас байнгын л өөрчлөлтөд байх нь нээ.
Суралцагч тэгэхээр энэ оршихуйд үнэндээ өөрчлөлт аж. Өөрчлөгдөж буй биологи орон, өөрчлөгдөж буй хэлбэлзэл, өөрчлөгдөж буй долгион, өөрчлөгдөж буй хөг.   Гэхдээ бүр давтагдашгүй, өвөрмөц шүү. Хоёр адил тархи, адилхан хоёр өөрчлөгдөх гэж үгүй.  Ийм ч учраас  суралцагч бүр бусдаас их ялгаатай, хэнтэй ч  ижил, адил бус, нийтлэг биш, ялгаатай.
 Диконструктивизм (deconstructivism)=ди +конструктивизм (de+contructivism). Ди (de-undo)-хийсэн үйлдлээ буцаах гэсэн үг бол  диконструкц (de-cоnstruct )-конструкцийг  задлах, нураах оюуны нэгэн үйлдэл болно (Jacques Derrida, 1930-2004, in http://plato.standford.edu.)
Аливаа конструкци диконструкц үйлдлээр өөртөөгөө үл адилтгагдана. Энэ  диконструктивизмийн гол ухаарал зарчим, танин мэдэхүйн нэгэн үнэ цэнэ нь юм. 

Энэхүү ухаарлын үүднээс харвал аливаа өгүүлбэр, хэллэг (конструкци)-ийг нэг утгатай бүтээж  үл чадна. Өөрөөр хэлбэл, аливаа өгүүлбэр, хэллэг дор хаяж хоёр өөр утгатай.
Жишээ болгон “хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх арга зүй” гэсэн хэллэгт диконструктив задаргаа хийе.
Арга зүйг ойлгох ухаарал олон. Энэ хэллэгийг зохиогч магад арга зүй гэдгийг практикийн нэгэн арга, аргачлал, технологи гэж ойлгосон байж мэдэх. Зохиогчийн ойлгосноор хүн бүр түүнийг яг адилхан ухаарч байх албагүй юм, диконструктивизм ёсоор бол (Лувсандорж. Ц. 2012)
Арга зүй гэдэг сэтгэл зүйн нэгэн адил шинжлэх ухаан. Сэтгэл зүй сэтгэлийг судалдаг бол арга зүй аргыг судална.  “Нэг бүр” гэдэг нь “тус бүр, тус тусад нь” гэсэн утгатай.  Одоо буцаах үйдлийнхээ үр дүнг нэгтгэж үзбэл, холбоос үгийн утгын гаргалгаа ёсоор “хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх арга зүй” гэдэг нь “хүүхдийг тус тусад нь хөгжүүлэх аргыг судлах шинжлэх” хэмээн ойлгогдох нь л дээ. 
Анги 35 хүүхэдтэй гэвэл багш 35 шинжлэх ухааныг бүтээх нь. 35 өөр шинжлэх ухааныг бүү хэл нэг шинжлэх ухааныг байгуулахад нэн амаргүй. Шинжлэх ухаан, онолыг бүтээж чадсан  нь ер нь их цөөн. Тэгэхээр эгэл багш нарт энэ нь бараг л боломжгүй шахам зүйл. Өөрөөр хэлбэл, энэ хэллэг бодит утгагүй тул бодиттой оршихгүй.
Үүнээс өөр бас нэг утга байх, үүнд.  Тэр нь хүүхэд бүрийг хөгжүүлж болдог нэгэн универсал арга зүйг  байна гэсэн далд утга. Гэвч хүүхэд бүр ялгаатай тул ийм аргазүй байх боломжгүй. Тэгэхээр энэ тохиолдолд энэ хэллэг бас л утгагүй.  Утгагүй тул тэр оршихгүй биз. Оршвол лав л зохицож  биш. Харин хүчилж  байж болох. Ийм хүчлэл эцэстээ зүгээр л сүйтгэл байх, харин хувь нэмэр биш.
Аргазүй  эхэндээ ч,эцэстээ ч үг хэллэг, өгүүлбэрийн дараалал л юм.  Хэллэг, өгүүлбэр дор хаяж хоёр утгатай.  Тэгэхээр хүн бүр яг адилхан хүлээж авах арга зүйн боловсруулалт гэж үгүй.
Диконструктивизмийн энэ ухаарлаас суралцагч бүр  бусдаасаа өөр өөрөөр ойлгоно, өөр өөрөөр сэтгэнэ. Суралцагч ер нь ойлгох, ухаарах, бодохоороо ч их ялгаатай аж.
Ижил тархитай хоёр суралцагч үгүй. Бас тэдний өөр өөр тархи нь бүтэц, үүргийнхээ хувьд байнга өөрчлөгдөнө. Өөрчлөлт нь яг адил явагдах тархитай хоёр суралцагч бас үгүй. Ийм учраас тэдний танин мэдэхүйн үйл явц нь бүр өөр өөр. Суралцагч ийм их ялгаатай юм.


Бүлгийн арга зүйн бүтэлгүйдэл
Суралцагчдад төрөх, өсөх, идэх, унтах, амрах,наслах гэх зэрэг физиологийн нийтлэл шинж бий. Суралцагчдыг ийм нийтлэг шинжээр бүлэглэж сургавал тэдний ялгааг умартана, орхино, үл тооно. Гэвч ийм сургалтыг зохион байгуулахад л харин их хялбар, энгийн байдаг.
Ижил настай хүүхдийг нэг бүлэг болгоно. Бүлэг гэх субьектэд хичээл хуваарилж орно. Тухайн нэг хүүхдэд биш харин бүлэгт зориулсан арга, арга зүйг бүтээнэ. Хүүхдийг сургасанд бус харин бүлэгт заасны төлөө багшид цалин өгнө. Дундаж хүүхдээр бодож бүлгийн нэг цагийн хөлсийг тооцож гарна. Бүлэгт нэг л шалгалтын материалыг нийтлэгээр хийж дундажаар шалгана.
Бүлгийн арга зүйн субьект нь хиймэл бүлэг, үнэн бодит хүн биш. Тэгэхээр сургалт нь хуурмаг, үр дүн нь худал байх. Эндээс бүлгийн сургалт үнэндээ аргалах төдий л үйл болно. Аргалаад л, аргалаад л, аргалаад л.
Нийтлэг, нийтлэг; бүлэг, бүлэг; дундаж, дундаж гэсээр эцэстээ тэр хүүхдийн ялгаатай бүхнийг  устгаж аваад, харин хоорондоо огт ялгаагүй сэтгэдэг, боддог, авирладаг хүн сүргийг бүтээж илгээнэ. Бүлгийн сургалт, бүлгийн арга зүй ингэж л бүтэлгүйдэнэ. Дүнд нь зон олон, нийгэм л эцэстээ их хохирч зовно.
                                              Шавилах арга зүйн бэрхшээл
Шавилах аргазүй суралцагчдын нийтлэгийг орхин, ялгаатайг ухаарч хувийн хүний онцлогийг эрхэмлэсэн шинжлэх ухаанч чанартай.  Тийм учраас хуурмаг бус бодит.  Гэвч суралцагчийн ялгаанд суурилсан арга зүйгээр сургалт явуулахад харин их амаргүй.  Учир нь тэр бодиттой тул бодит өртгийг л шаарддаг.  
Захиргааны аргаар зохиож буй болгосон зохиомол бүлэгт биш харин бодит хүүхдэд нэг бүрийн ялгааг харгалзсан хуурмаг бус үнэн сургалт зохион байгуулахад мэдээж хөрөнгө их шаардана. Багшийн ажлыг худал биш харин бодиттой үнэлдэг болно. Бүлэгт биш харин хүүхэд бүртэй ажилласан цагийг тооцож төлнө, тэдэнд. Жишээ нь, З5 хүүхэдтэй нэг бүлэгт заасны төлөө нэг цагийн хөлс бус харин 35 хүүхдийг сургасан 35 цагийн бодит хөлс авах нь л дээ.  Дүнд нь багшийн ажил чинхүү мэргэшлийн болж эхэлнэ. Тэд хүүхдийг насаар нийтлэн ойлгодог бус харин ялгааг нь таньж хөгжүүлдэг болтлоо мэргэшинэ.
Бүлгийн бус буюу шавилах сургалтыг явуулахад тохилог орчин, тоног төхөөрөмж бас хэрэгтэй. Сурах бичиг гэх нь дундаж гэх хэн ч  бишид зориулсан  мурих бичиг биш, харин тухайн хүнийг онцлог, ялгааг тооцсон шавилах сургалтыг дэмжих үнэн материал, үнэн хэрэгсэл байна. Ийм хичээлийн агуулга, материалыг тасралтгүй эрэн хайлтаар  үнэн  хөлсөөр бодиттой бүтээнэ. 
Ингэж явуулсан сургалт бүлгийнх шиг хуурмаг бус харин бодиттой. Учир нь тэр бодит өртгөөр явагдах юм.
Гэвч ийм сургалтыг энэ улсад явуулахад их өөрчлөлт, эрс шинэчлэл, тасралтгүй зүтгэл, удаан хувьсал ч, бас хувьсгал ч үнэн хэрэгтэй.  Амин хөөрөл биш харин амин шинэчлэл нэн чухал. Ийм өөрчлөлт, шинэчлэл, хувьсал, хувьсгалыг хийхэд бид одоо харин бэлэн биш.
Ялгаатайг тооцсон сургалтын явуулахад бэлэн биш ийм цагт түүнийг дэмжих  хамгийн сайн аргачлал нь их энгийн. Суралцагчдад урам өгөх, хүндэтгэх, хайрлах, аргадах. Аргалж л яваа тэр үйлийнхээ өмнөөс чинхүү уучлал гуйж, хүлцэл өчиж байх, суралцагчдаас. Аргадаад л аргадаад л аргадаад л бай, тэднийгээ. Тэгвэл лав л их алдахгүй, харин ч онож мэднэ.
Дүгнэлт
Суралцагч танин мэдэхүйн хувьд нийтлэг гэхээсээ илүү их ялгаатай. Суралцагчийн энэ их ялгаатай байдлыг үл тоож, харин танин мэдэхүйн мөн чанаргүй нийтлэг шинжээрээ нь бүлэглэж сургах аргазүй нь хуурмаг, бодит биш.Тэгэхээр тэр бүтэлгүй.
Суралцагчийн ялгаанд суурилсан аргазүй  хуурмаг биш харин бодит. Гэвч түүнийг хэрэглэх бодит боломж нөхцөл энд бүрдээгүй. Үүнд энэ улс бэлэн биш.
Бүтэлгүйг нь үргэлжүүлсээр байвал аргалсаар аргалсаар их дордоно, тэгээд одно. Бодиттойг нь харин  ядаж аргадаад аргадаад байвал оршино, өөдлөнө.  Арга зүйн дилеммаагаас иймд аргалж байж биш харин аргадаж  байж л ангижирна.

Ном зүй
Англи хэлээр:
DeFelipe, J 1997 Types of neurons, synaptic connections and chemical characteristics of cells immunoreactive for calbindin-D28K, parvalbumin and calretinin in the neocortex (review article),  Instituto Cajal (CSIC), Avenida Dr. Arce, 37, 28002 Madrid, Spain,
Jacques Derrida  in http://plato.standford.edu
Naftolin, F; Leranth, C, Horvath, T,L and Garcia-Segura, L, M 1996, Potential neuronal mechanisms of estrogen actions in synaptogenesis and synaptic plasticity,  Cellular and Molecular Neurobiology, vol.16 1996, pp.213-223.
Luvsandorj.Ts 2010, essay titled as Towards Reconsidering Strategies for Ensuring Gender Equality In Education in the Light of Neuroscience: Either Equality through Difference or Equality through Sameness or    Neither ‘Through Difference’ nor ‘Through Sameness’? Available in http://mr-institute.blogspot.com
Монгол хэлээр:
Лувсандорж. Ц. 2012, Диконструктив буюу ул хууртах ухаан, нийтлэл, http://undesniibolovsrol.blogsot.com –оос олж үзэх боломжтой.