Sunday, October 27, 2013

АРГА ЗҮЙН ДИЛЕММА: АРГАЛАХ УУ, АРГАДАХ УУ?



АРГА ЗҮЙН ДИЛЕММА: АРГАЛАХ УУ, АРГАДАХ УУ?
                                                                 Ц.Лувсандорж, Т. Ганбаатар
Суралцагчдад идэх, унтах, амрах гээд физиологийн нийтлэл шинж бий. Гэвч бас сэтгэх, бодох гээд танин мэдэхүйн ялгаатай шинж тэдэнд их бий.  Нийтлэгээр бүлэглэсэн сургалт аргалах төдий үйл тул хуурмаг. Ялгааг харгалзсан сургалт аргаддаг тул бодит. Хуурмаг байх уу, бодит байх уу? Аргалах уу, аргадах уу? Арга зүйн энэ дилеммаагаас ангижирч ер нь чадах уу?
Суралцагч ялгаатай
Үүнийг эдүгээ цагийн тархи судлал сайн нотолно. Бас боловсролын гүн ухаан диконструктивизм их номлоно.
Хүний тархи  л түүнийг энэ эгшинд хамгийн сайн илэрхийлнэ. Учир нь тэр түүний биологи. Тэр мөн түүний бодлыг бүтээгч оюун.  Оюунд олдсныг  л үйлээр үйлдэг тул тэр угтаа түүний үйл, энэ амьдралыг бүтээгч, бас сүйтгэгч. Энэ чанараараа, тэр үнэндээ түүний сүнсийг хөглөн тэтгэгч, бас доройтон дордуулагч. 
Гэвч тархи их онцгой эрхтэн. Тэр биологи бүтцээ ч, физиологи үүргээ ч байнга өөрчилдөг. Мэдрэлийн гэх 100 тэрбум орчим эс, тэдгээрийн хоорондын холбоос (биологи орон, долгион, хэлбэлзэл) юм, угтаа тэр.  Хамгийн сонирхолтой, бас хамгийн чухал нь тархины тэрхүү холбоос суларна, алга болно, дахин бий болдог (DeFelipe, J 1997 Naftolin, F; Leranth &others 1996 ).
Ийм ч учраас  өчигдрийн  тэр суралцагч өнөөдрийн энэ суралцагч биш, учир нь өчигдрийн түүний тархи өнөөдрийн түүнийх угтаа биш. Тэр биологийн бүтцээ ч, физиологийн үүргээ ч өөрчилсөөн. Түүнийг энэ оршихуйн энэ эгшинд хамгийн сайн илэрхийлэгч нь ингэж л байнгын өөрчлөлтөд байх. Ингэхээр тэр ч бас байнгын л өөрчлөлтөд байх нь нээ.
Суралцагч тэгэхээр энэ оршихуйд үнэндээ өөрчлөлт аж. Өөрчлөгдөж буй биологи орон, өөрчлөгдөж буй хэлбэлзэл, өөрчлөгдөж буй долгион, өөрчлөгдөж буй хөг.   Гэхдээ бүр давтагдашгүй, өвөрмөц шүү. Хоёр адил тархи, адилхан хоёр өөрчлөгдөх гэж үгүй.  Ийм ч учраас  суралцагч бүр бусдаас их ялгаатай, хэнтэй ч  ижил, адил бус, нийтлэг биш, ялгаатай.
 Диконструктивизм (deconstructivism)=ди +конструктивизм (de+contructivism). Ди (de-undo)-хийсэн үйлдлээ буцаах гэсэн үг бол  диконструкц (de-cоnstruct )-конструкцийг  задлах, нураах оюуны нэгэн үйлдэл болно (Jacques Derrida, 1930-2004, in http://plato.standford.edu.)
Аливаа конструкци диконструкц үйлдлээр өөртөөгөө үл адилтгагдана. Энэ  диконструктивизмийн гол ухаарал зарчим, танин мэдэхүйн нэгэн үнэ цэнэ нь юм. 

Энэхүү ухаарлын үүднээс харвал аливаа өгүүлбэр, хэллэг (конструкци)-ийг нэг утгатай бүтээж  үл чадна. Өөрөөр хэлбэл, аливаа өгүүлбэр, хэллэг дор хаяж хоёр өөр утгатай.
Жишээ болгон “хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх арга зүй” гэсэн хэллэгт диконструктив задаргаа хийе.
Арга зүйг ойлгох ухаарал олон. Энэ хэллэгийг зохиогч магад арга зүй гэдгийг практикийн нэгэн арга, аргачлал, технологи гэж ойлгосон байж мэдэх. Зохиогчийн ойлгосноор хүн бүр түүнийг яг адилхан ухаарч байх албагүй юм, диконструктивизм ёсоор бол (Лувсандорж. Ц. 2012)
Арга зүй гэдэг сэтгэл зүйн нэгэн адил шинжлэх ухаан. Сэтгэл зүй сэтгэлийг судалдаг бол арга зүй аргыг судална.  “Нэг бүр” гэдэг нь “тус бүр, тус тусад нь” гэсэн утгатай.  Одоо буцаах үйдлийнхээ үр дүнг нэгтгэж үзбэл, холбоос үгийн утгын гаргалгаа ёсоор “хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх арга зүй” гэдэг нь “хүүхдийг тус тусад нь хөгжүүлэх аргыг судлах шинжлэх” хэмээн ойлгогдох нь л дээ. 
Анги 35 хүүхэдтэй гэвэл багш 35 шинжлэх ухааныг бүтээх нь. 35 өөр шинжлэх ухааныг бүү хэл нэг шинжлэх ухааныг байгуулахад нэн амаргүй. Шинжлэх ухаан, онолыг бүтээж чадсан  нь ер нь их цөөн. Тэгэхээр эгэл багш нарт энэ нь бараг л боломжгүй шахам зүйл. Өөрөөр хэлбэл, энэ хэллэг бодит утгагүй тул бодиттой оршихгүй.
Үүнээс өөр бас нэг утга байх, үүнд.  Тэр нь хүүхэд бүрийг хөгжүүлж болдог нэгэн универсал арга зүйг  байна гэсэн далд утга. Гэвч хүүхэд бүр ялгаатай тул ийм аргазүй байх боломжгүй. Тэгэхээр энэ тохиолдолд энэ хэллэг бас л утгагүй.  Утгагүй тул тэр оршихгүй биз. Оршвол лав л зохицож  биш. Харин хүчилж  байж болох. Ийм хүчлэл эцэстээ зүгээр л сүйтгэл байх, харин хувь нэмэр биш.
Аргазүй  эхэндээ ч,эцэстээ ч үг хэллэг, өгүүлбэрийн дараалал л юм.  Хэллэг, өгүүлбэр дор хаяж хоёр утгатай.  Тэгэхээр хүн бүр яг адилхан хүлээж авах арга зүйн боловсруулалт гэж үгүй.
Диконструктивизмийн энэ ухаарлаас суралцагч бүр  бусдаасаа өөр өөрөөр ойлгоно, өөр өөрөөр сэтгэнэ. Суралцагч ер нь ойлгох, ухаарах, бодохоороо ч их ялгаатай аж.
Ижил тархитай хоёр суралцагч үгүй. Бас тэдний өөр өөр тархи нь бүтэц, үүргийнхээ хувьд байнга өөрчлөгдөнө. Өөрчлөлт нь яг адил явагдах тархитай хоёр суралцагч бас үгүй. Ийм учраас тэдний танин мэдэхүйн үйл явц нь бүр өөр өөр. Суралцагч ийм их ялгаатай юм.


Бүлгийн арга зүйн бүтэлгүйдэл
Суралцагчдад төрөх, өсөх, идэх, унтах, амрах,наслах гэх зэрэг физиологийн нийтлэл шинж бий. Суралцагчдыг ийм нийтлэг шинжээр бүлэглэж сургавал тэдний ялгааг умартана, орхино, үл тооно. Гэвч ийм сургалтыг зохион байгуулахад л харин их хялбар, энгийн байдаг.
Ижил настай хүүхдийг нэг бүлэг болгоно. Бүлэг гэх субьектэд хичээл хуваарилж орно. Тухайн нэг хүүхдэд биш харин бүлэгт зориулсан арга, арга зүйг бүтээнэ. Хүүхдийг сургасанд бус харин бүлэгт заасны төлөө багшид цалин өгнө. Дундаж хүүхдээр бодож бүлгийн нэг цагийн хөлсийг тооцож гарна. Бүлэгт нэг л шалгалтын материалыг нийтлэгээр хийж дундажаар шалгана.
Бүлгийн арга зүйн субьект нь хиймэл бүлэг, үнэн бодит хүн биш. Тэгэхээр сургалт нь хуурмаг, үр дүн нь худал байх. Эндээс бүлгийн сургалт үнэндээ аргалах төдий л үйл болно. Аргалаад л, аргалаад л, аргалаад л.
Нийтлэг, нийтлэг; бүлэг, бүлэг; дундаж, дундаж гэсээр эцэстээ тэр хүүхдийн ялгаатай бүхнийг  устгаж аваад, харин хоорондоо огт ялгаагүй сэтгэдэг, боддог, авирладаг хүн сүргийг бүтээж илгээнэ. Бүлгийн сургалт, бүлгийн арга зүй ингэж л бүтэлгүйдэнэ. Дүнд нь зон олон, нийгэм л эцэстээ их хохирч зовно.
                                              Шавилах арга зүйн бэрхшээл
Шавилах аргазүй суралцагчдын нийтлэгийг орхин, ялгаатайг ухаарч хувийн хүний онцлогийг эрхэмлэсэн шинжлэх ухаанч чанартай.  Тийм учраас хуурмаг бус бодит.  Гэвч суралцагчийн ялгаанд суурилсан арга зүйгээр сургалт явуулахад харин их амаргүй.  Учир нь тэр бодиттой тул бодит өртгийг л шаарддаг.  
Захиргааны аргаар зохиож буй болгосон зохиомол бүлэгт биш харин бодит хүүхдэд нэг бүрийн ялгааг харгалзсан хуурмаг бус үнэн сургалт зохион байгуулахад мэдээж хөрөнгө их шаардана. Багшийн ажлыг худал биш харин бодиттой үнэлдэг болно. Бүлэгт биш харин хүүхэд бүртэй ажилласан цагийг тооцож төлнө, тэдэнд. Жишээ нь, З5 хүүхэдтэй нэг бүлэгт заасны төлөө нэг цагийн хөлс бус харин 35 хүүхдийг сургасан 35 цагийн бодит хөлс авах нь л дээ.  Дүнд нь багшийн ажил чинхүү мэргэшлийн болж эхэлнэ. Тэд хүүхдийг насаар нийтлэн ойлгодог бус харин ялгааг нь таньж хөгжүүлдэг болтлоо мэргэшинэ.
Бүлгийн бус буюу шавилах сургалтыг явуулахад тохилог орчин, тоног төхөөрөмж бас хэрэгтэй. Сурах бичиг гэх нь дундаж гэх хэн ч  бишид зориулсан  мурих бичиг биш, харин тухайн хүнийг онцлог, ялгааг тооцсон шавилах сургалтыг дэмжих үнэн материал, үнэн хэрэгсэл байна. Ийм хичээлийн агуулга, материалыг тасралтгүй эрэн хайлтаар  үнэн  хөлсөөр бодиттой бүтээнэ. 
Ингэж явуулсан сургалт бүлгийнх шиг хуурмаг бус харин бодиттой. Учир нь тэр бодит өртгөөр явагдах юм.
Гэвч ийм сургалтыг энэ улсад явуулахад их өөрчлөлт, эрс шинэчлэл, тасралтгүй зүтгэл, удаан хувьсал ч, бас хувьсгал ч үнэн хэрэгтэй.  Амин хөөрөл биш харин амин шинэчлэл нэн чухал. Ийм өөрчлөлт, шинэчлэл, хувьсал, хувьсгалыг хийхэд бид одоо харин бэлэн биш.
Ялгаатайг тооцсон сургалтын явуулахад бэлэн биш ийм цагт түүнийг дэмжих  хамгийн сайн аргачлал нь их энгийн. Суралцагчдад урам өгөх, хүндэтгэх, хайрлах, аргадах. Аргалж л яваа тэр үйлийнхээ өмнөөс чинхүү уучлал гуйж, хүлцэл өчиж байх, суралцагчдаас. Аргадаад л аргадаад л аргадаад л бай, тэднийгээ. Тэгвэл лав л их алдахгүй, харин ч онож мэднэ.
Дүгнэлт
Суралцагч танин мэдэхүйн хувьд нийтлэг гэхээсээ илүү их ялгаатай. Суралцагчийн энэ их ялгаатай байдлыг үл тоож, харин танин мэдэхүйн мөн чанаргүй нийтлэг шинжээрээ нь бүлэглэж сургах аргазүй нь хуурмаг, бодит биш.Тэгэхээр тэр бүтэлгүй.
Суралцагчийн ялгаанд суурилсан аргазүй  хуурмаг биш харин бодит. Гэвч түүнийг хэрэглэх бодит боломж нөхцөл энд бүрдээгүй. Үүнд энэ улс бэлэн биш.
Бүтэлгүйг нь үргэлжүүлсээр байвал аргалсаар аргалсаар их дордоно, тэгээд одно. Бодиттойг нь харин  ядаж аргадаад аргадаад байвал оршино, өөдлөнө.  Арга зүйн дилеммаагаас иймд аргалж байж биш харин аргадаж  байж л ангижирна.

Ном зүй
Англи хэлээр:
DeFelipe, J 1997 Types of neurons, synaptic connections and chemical characteristics of cells immunoreactive for calbindin-D28K, parvalbumin and calretinin in the neocortex (review article),  Instituto Cajal (CSIC), Avenida Dr. Arce, 37, 28002 Madrid, Spain,
Jacques Derrida  in http://plato.standford.edu
Naftolin, F; Leranth, C, Horvath, T,L and Garcia-Segura, L, M 1996, Potential neuronal mechanisms of estrogen actions in synaptogenesis and synaptic plasticity,  Cellular and Molecular Neurobiology, vol.16 1996, pp.213-223.
Luvsandorj.Ts 2010, essay titled as Towards Reconsidering Strategies for Ensuring Gender Equality In Education in the Light of Neuroscience: Either Equality through Difference or Equality through Sameness or    Neither ‘Through Difference’ nor ‘Through Sameness’? Available in http://mr-institute.blogspot.com
Монгол хэлээр:
Лувсандорж. Ц. 2012, Диконструктив буюу ул хууртах ухаан, нийтлэл, http://undesniibolovsrol.blogsot.com –оос олж үзэх боломжтой.

ИХ СЕМИНАРЫН ТЭМДЭГЛЭЛ 1



МаСС-ийн Математик боловсролын тэнхмийн “Асуудал, шийдэл, арга замих семинарын тэмдэглэл
         Улаанбаатар                                      №1                                                2013-09-20

Тус их семинар нь “Боловсролын чанарыг ухаарах асуудалд: Харьцуулж хөөрөх үү, хэмжиж үнэлэх үү? сэдвээр  болов. Семинарт  МУИС, Багшийн сургууль, Шинжлэх ухааны технологийн их сургууль, Гурван эрдэнэ дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулийн багш нар болон тэнхмийн багш нар оролцов. Их семинарыг нээж тус сургуулийн захирал Ц. Батхүү үг хэлэв.
Ц.Батхүү: Их семинарыг ач холбогдлыг дурдан, ийм их семинарыг явуулахыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Мөн энэ семинар тасралтгүй явагдаж байхын чухлыг тэмдэглэж амжилт хүсэв.
Ц.Лувсандорж: Семинарын гол зорилгоо танилцуулав.Mathematic education community математик бүлийн хэмжээнд нэгдмэл нэг ойлголттой болъё, зөвшилцөлд хүрэхэд ач холбогдолтой болохыг тэмдэглэж  хэлэлцүүлэгт зориулж бэлтгэсэн илтгэлээ танилцуулав. (Илтгэлийг их семинарын блогт бүрэн эхээр үзэж болно)
Дараа их семинарын асуудлын хүрээнд оролцогч санал, бодлоо илэрхийлэв.

Ц.Батхүү:  Нэрний хувьд “ Харьцуулж үнэлэх үү , Хэмжиж хөөрөх үү” гэж бас болох юм. Буруу хэмжээд хөөрөөд байх уу . Харьцуулалт зайлшгүй байх ёстой.
Б.Бурмаа: Юуны өмнө талархал илэрхийлье. Ангаж цангасан амьтад хүрч ирээд цэнгэг усаа ууж байгаатай адилаар ийм сайхан орчин бүрдүүлж өгсөн явдалд . Зөрчлөөс болоод эрдэмтдийн бүтээл амьдралд хэрэгжиж чадахгүй байх түгээмэл.
Р.Магсар: Үндсэн 2 санал байна. Их семинар зохион байгуулж тодорхой сэдвийг дэвшүүлэн тавьж математик бүлийн хэмжээнд шинэ нэр үг хэллэгийг оруулж хэлэлцүүлж  байгаад МаСС , МБТ-ийн хамт олонд талархал илэрхийлье.  
Харьцуулалт ба нэгжээ хэрхэн сонгох вэ гэж. Үүнийг тодруулж өөрийн үгээр хэлбэл харьцуулсаны үндсэн дээр хэмжиж үнэлье. Хэмжихдээ харьцуулж хэмжье.
Тэгээд та бүхний дараагийн семинарт амжилт хүсье.
 Ц.Батхүү: Нэгжийг яаж сонгох нь чухал биш. Харин хөрөнгө оруулалт чухал байж мэдэх юм. Тухайлбал, эд материалын чанарыг /машин дээр жишээ авав/ түүнд оруулсан хөрөнгөөр хэмжиж болох талтай. Их муу техник технологи байсан ч их хөрөнгө оруулалтаар бага ч гэсэн чанартай зүйл хийж болох юм. Үүнтэй адил бидний  боловсролд оруулж байгаа хөрөнгөнөөс чанар хамаарах учиртай. Оюутнуудаа хэр их хөрөнгөөр бэлдэнэ төдий хэрээр өгөөж нь илүү
Б.Сандагдорж: Боловсролын хамгийн чухал хэрэгсэл бол семинар юм / ном дурсгав/
Нямаа /6-р сургуулийн багш/ : сайдын тушаалыг уншиж байхад 8/23 нд гарсан ЕБС-ийн боловсролын чанарыг үнэлэх шинэ журам гарчээ. Тэгэхээр бид бүхний энд ярьж байгаа боловсролын үнэлэх асуудал жаахан хоцрох тал руугаа явьж байна уу даа гэсэн бодол төрж суулаа
Жачин /Гурван-Эрдэнэ ДС-ийн захирал/: Боловсрол гэдэг дээр яримаар байна. Болвсрох гэдгийг үйл явц гэдэг талаас нь харвал зүгээр. Жишээ нь:  үрээ тариад тэр маань өөдөө ургаад навч цэцэг жимс болон ургадагтай адилаар боловсрох гэдгийг өөрийн ахицаар нь үнэлэх асуудал чухал. Дорно дахины гүн ухаанд” савын онол “ гэж байсан. Багш хүн шавиа хөмөрсөн, цоорхой,хиртэй 3-н аягатай харьцуулдаг байж. Эхниийх нь биенд байгаа гэм, 2 дахь нь сурах арга барилгүйн  гэм,  3 дахь нь сэтгэлийн гэм гэж ийм 3 талаас нь хардаг байжээ. Тэгэхээр энэ чанарт өөрчлөлт гарахгүй бол бид буруу тийшээ яваад байна гэж үздэг.    Дорно дахины хүмүүс холбоо хамаарлыг айхтар хардаг , саваа цэвэрлэх гэсэн том философитой байжээ.
Ингээд цаашдын семинарт манай сургууль идэвхтэй оролцох болноо гэдгээ илэрхийлмээр байна.
Т.Ганбаатар: энэ сэдвийн хүрээнд “ Equality of education” гэж хайгаад дараахь материалыг оллоо. Cambridge-ийн ИС-ийн профессорын бичсэнээр Батхүү багшийн саналтай ижил байна. Finance & Equality 2 салшгүй хамааралтай. Дотоодын нийт бүтээгдхүүнийхээ хэдэн хувийг боловсролд зарцуулж байгаагаар ньулс орнуудыг  авч үзэхэд хөрөнгө оруулалт их байх тусам тухайн орны хүүхдүүдийн унших чадвар өндөр байсан. Үүнийг графикаар үзүүлсэн байгаа юм. Үүгээрээ ч Япон Солонгос Сингапур зэрэг улсууд эхний 10т байнга жагсаж байдаг. /TIMSS,  FISA-ийн судалгаагаар /  Манай орон ч бас яагаад үүгээр үнэлүүлж болохгүй гэж.
Багш: энд ярьж хэлэлцэгдэж байгаа зүйлүүдээ бодитой ажил болгомоор байна
Чойсүрэн: Боловсрол бол хүнийг зөв хүн болгож төлөвшүүлэх асуудал юм. Дунд сургуулийн хичээлийн агуулгыг цөөлөх ёстой юм уу, хэдхэн хичээлийн агуулгыг сонгох хэрэгтэй гэж бодож байна. Би гэхэд 17 хичээл судалж байсан
Дэчин: Үүн дээр нэмж хэлэхэд боловсролын бодлогын тогтворгүй байдлын талаар яримаар байна. Цэцэг ургуулах үйл явц дээр яривал гайгүй сайн ургуулж  байгаад тасалдаг, нар үзүүлж байгаад сүүдэрт тавьчих жишээний
Мягмарсүрэн: /ЕБС-ийн багш/ 40 ба 20-н хүүхэдтэй ангитай ажиллахад чанарын ялгаа эрс өөр байдаг. Мөн хөрөнгө оруулалт сайн байх тусам авч байгаа цалин хөлс сэтгэл ханамж сайн байх болов уу  
 Ц.Лувсандорж: Хэлэлцүүлэгээс харж байхад чанар гэсэн ойлголтыг өөр өөр өнцгөөс харвал өөр өөр байж болох юмаа. Харьцуулж хөөрч болно. Бас хэмжиж үнэлж болно. Мөн хэмжиж хөөрч, харьцуулж үнэлж болох нээ. Тэр бас бодит өртгөөс их хамааралтай аж.  Зөв бодлогоос маш их хамааралтай. Яаж харлаа ч боловсролын чанар олон хувьсагчийн олон давхар хамаарал ажээ. Тэр хамаарлын хэмжих багажаа бүтээж түүгээрээ хэмжиж үнэлэх нь магадгүй зүй тогтол байж мэдэх нь. Тэр багаж улс орон бүхэнд яг адил байх нь албагүй. Харин ийм багаж үгүй бол харьцуулаад л  хөөрч суухаас өөр яахав.
Та бүхэнд баярлалаа. Их семинар цаашид гаргасан хуваарийн дагуу тогтмол явагдана. Захирлын их семинарын нээлтийн үгэнд дурдагдсан утга санааг  жаахан хэтрүүлж хэлбэл, энэ их семинар гадаа дайн болж байсан ч  явдагаараа л явагдах болно. Та бүхэн бололцоогоор ирж хэлэлцүүлэгт оролцоорой.  Эрдмийг их семинараар түгээж нийгмээ эрдмээ гэрэлтүүлэхэд хувь нэмрээ оруулах бас нэг боломж. Ер нь зүйлээ бэлтгээд ирсэн ч болно.
Бид их семинарын материалаа http://ikhseminar.blogspot.com ; https://www.facebook.com/mathedu.ikhseminar  -д байрлуулж байгаа. Та бүхэнд энэ блогт зочлоорой. Бас түгээгээрэй.

Тэмдэглэл хөтөлсөн  тэнхмийн багш                        Ц. Оюунсайхан
Тэмдэглэлийг хянасан их семинарын удирдагч          Ц.Лувсандорж