Monday, April 27, 2015

Сурах бичиг орших уу, одох уу?


2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн их семинарт хэлэлцүүлсэн илтгэлийн үзэл санаа

Сурах бичиг орших уу, одох уу?

Тэмдэг бүхэн утгатай. Утга  харин соёлын мэдрэмжтэй. Тэгэхээр тэмдэгтийн нэгсэл болох аливаа бичвэрийн утга соёлоос соёлд өөр өөр байх нээ.  Дорны дахины соёлын үнэт  зүйл болох арга билгийн дүрслэл нь дорны ихэнхи улсын төрийн туг далбаанд хүндэтгэгдэн орсон байхад  ижил хүйстнүүд, харин, түүнийг лого тэмдгээ болгосон нь бас байх.  Хас тэмдэг ч мөн өөр өөр утгаар ойлгогдох. Энэ мэт жишээг олноор нь амархан олж дурдаж болно.

Аливааг бүтээсний дараа  нураахад (дахин задлахад) түүний утга, агуулга нь өмнөхөөсөө өөрчлөгдсөн байдаг. Энэ нь угтаа, барилгыг барихаас өмнөх  материал  нь түүнийг нураасны дараах материалтай ижил биш байдагтай утга нэг. Тэгэхээр бүтээсэн бичвэрийг нураах замаар түүний өөр өөр утгыг олоод байж болох нээ. Жишээлбэл, “Ард түмэнтэйгээ амь нэгтэй” гэсэн өгүүлбэрт оюуны нураах үйдлийг хийх замаар түүний өөр нэг утгыг нэн амархан олж болно. 

Ард урдын эсрэг зүг, чигийг заасан тэмдэг нэр.  Уулын ард тал гэх. Мөн нийгмийн хөгжлийн ард хоцорсон бүлийг ард гэх. Цаашилбал “түмэн” гэсэн үгийн язгуурт түм байна. Түм арван мянгын монгол нэр.  Арван мянган морь уралдсан нэгэн шийг “Түмний нэг” гэж нэрлэсэн ч байх.  Амь  хувилгаан  биш хүнд бол нэг л байх.

Энэ бүхнийг нэгтгэн үзбэл, хүн арван мянган хүнтэй бүү хэл өөрөөсөө өөр нэг хүнтэй ч амь нэгтэй байж үл чадах. Тийм биологийн боломж түүнд байхгүй. Тэгэхээр “Ард түмэнтэйгээ амь нэгтэй” гэсэн бичвэрт олон хүний ойлгож байгаагаас өөр утга бас байна. Тэр нь бодит биш, худал, хуурмаг. Энэ мэтчилэн, “Би чамд хайртай”, “Чамд хайртай”, “Чөлөөт худалдааны гэрээ” гэх зэрэг дурын бичвэр өөртөө нэгээс илүү утгыг тээж явааг нэн хялбархан илрүүлж болно. Ийм байдаг нь ч угтаа тэмдгэн хэл харилцааны жам мэт бөлгөө.

Сурах бичиг эх хэл, тухайн шинжлэх ухааны хэл, хүүхдийн хэл гэсэн гурван хэлний нэгслээр илэрхийлэгдсэн бичвэр. Бичвэр тэмдэгтийн нэгдэл; тэмдэгтийн утга соёлын мэдрэмжтэй тул тэр хүүхэд бүрт нэг мөр ойлгогдож байх нь огт албагүй юм. Хүүхэд бүр өөр өөрөөр ойлгоод байх сурах бичгийг, тэгэхээр, бүтээх хэрэг юун.  Бүтээгдэхгүй тул тэр оршихгүй, харин, одох нээ, угтаа.

Ц.Лувсандорж

2015 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр