Thursday, November 5, 2015

Мэргэжлийн түвшний үндэсний хүрээний ерөнхий зураглал, аргачлал


Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын мэргэжлийн түвшний ерөнхий хүрээг боловсруулах ажлын хэсэгт зориулан энэхүү мэдээллийг бэлтгэв.

 
Мэргэжлийн түвшний үндэсний хүрээний ерөнхий зураглал,                                         түүнийг бүтээх аргачлал

Манай улс мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын үндэсний мэргэжлийн хүрээг 10 түвшинтэйгээр боловсруулахаар ажиллаж байна. Үндэсний чанаржилтын тогтолцоог[1] бий болгох, чансааг тогтоох чиглэсэн мэргэшлийн түвшний хүрээнд хийсэн ном зүйн задлан шинжлэл, харьцуулалтын дүнд үндэслэн мэргэшлийн түвшний хүрээний бүтэц, зохиомжийг ерөнхийлөн хийсвэрлэж хүснэгтлэн үзүүлэв (Хүснэгт). Таксономийн энэхүү зураглал нь манай улс мэргэшлийн чадамжийн хүрээ, цаашилбал, мэргэжил, боловсролын чиглэл бүрээр мэргэшлийн чадамжийн хүрээний үзэл санаа, чиг хандлага, бүтэц, зохиомжийг хийхэд лавлагаа болгон харах, харьцуулан жишиж үзэх, мөн түүнийг бүтээх ерөнхий аргачлалыг хийхэд нэмэр болж юун магад.

 

 

 

Мэргэшлийн түвшний хүрээний тахсономийн

ерөнхий зураглал

                               Хүснэгт

Мэргэшил, чанаржилтын түвшин, төрөл, зэрэг
Мэргэшлийн шатлал, төрөл, зэрэг
I.
II
III
IV
 
V
 
Мэргэжлийн түвшин
Түвшин 1
Түвшин 2
Түвшин 3
 
 
Түвшин 10[2]
Түвшинг тодорхойлогчийн бүрдэл[3]
Мэдлэг
 
 
 
 
 
 
Чадвар
 
 
 
 
 
 
Чадамж
 
 
 
 
 
 
Агуулгын багтаамж
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Нотлох баримт бичгийн төрөл, хэлбэр
1
2
3
4
5
6


Тайлбар

-Улс орнуудын хувьд мэргэшлийн төрөл,шатлал, зэрэг нь харьцангуй ерөнхий нийтлэг шинжтэй байдаг. I-ерөнхий боловсрол, ерөнхий боловсролын сургуулийг  төгссөн байдал; II – дээд боловсрол эзэмшсэн байдал, III-мэргэжлийг баклаврын зэрэгтэйгээр эзэмшсэн байдал, IV – магистрын зэрэгт хүртэл мэргэжлээрээ мэргэшсэн байдал, V- докторын зэрэгт хүртэл мэргэжлээрээ мэргэшсэн байдал. Гэвч дипломын янз бүрийн байдлаас хамаарч түвшний төрөл, зэрэг нь олшрох явдал бий.

- Хүний чанаржилт, мэргэшилт нь тухайн түвшний бүрдэл бүрийн шаардлага, үзүүлэлтийг хангасныг ихэвчлэн гэрчилгээ, диплом гэсэн хоёр төрлийн баримтыг олгон нотолгоожуулж байна. Тухайлбал, Хүснэгтийн баримт бичгийн төрөл,хэлбэр мөрийн 1, 2 нь Гэрчилгээ I, Гэрчилгээ II гэснийг илэрхийлэх бол 3, 4, 5 нь баклавар, магистр, докторын диплом гэсэн утгыг ихэнхи тохиолдол илтгэнэ.



  -Мэргэшлийн шатлал, төрөл, зэрэг түвшинтэй хэрхэн харгалзах нь улс орон бүхэнд харилцан адилгүй юм.  Мэргэжлийн нэг шатлал, зэрэг нь хэд хэдэн түвшинг хамарч болох талтай.

-Мэргэшлий түвшнийг тодорхойлогчийн бүрдэл бүрийг тухайн түвшний эцэст суралцагчийн хүрч боловсорсон байдлын үр дүнд баримжаалан энгийнээс нарийссан, ерөнхийгөөс тусгайлсан байдлаар хэмжигдэхээр тогтоож, үйлийн хэлбэрт илэрхийлсэн байх нь олонтоо.

-Мэргэшилт, чанаржилтийн шатлал, төрөл, хэлбэр, түвшин, гэрчилгээ, зэрэг, дэв, тэдгээрий уялдаа холбоо, нийцэл, зохицлыг нэгтгэн бичвэржүүлж бодлого болгон баталгаажуулсныг л мэргэшлийн түвшний үндэсний хүрээ гэж ярина. Энэ баримт бичгийн үзэл санаа, утга агуулгыг нэгтгэн схемчлэн нэг хүснэгт, нэг зургаар үзүүлэхэд тэр нь үндэсний түвшинд мэргэшилт, чанаржилтын бүхий л боломж, хувилбар, холбогдох мэдээлэл, арга замыг харуулсан, багтаасан, хүрээлсэн шинжтэй харагддаг. Энэ чанараар нь тэр үндэсний түвшний хүрээ хэмээх нэрлэдэг биз ээ.

Холбогдох нэмэлт мэдээлэл

Европын мэргэшлийн хүрээний хамтын ажиллагаанд 2013 онд элссэн орсон 36 улс хамтран Европын түвшний мэргэшлийн хүрээг 8 түвшин, түвшний тодорхойлогчийг мэдлэг, чадвар, чадамж гэсэн бүрдэлтэйгээр  хийжээ. Эдгээр улс бүхэн түүнийг харгалзан мэргэжлийн түвшний үндэсний хүрээгээ баталсан байна (Cedefop[4], 2013).

Мөн Балканы таван орон хамтран бүс нутгийн түвшинд хэрэглэгдэх багшийн мэргэшлийн хүрээг баримт бичгийг боловсруулжээ. Балканы орнуудын багшийн мэргэшлийн хүрээг судалсан профессор Грахам Доналдсон (2012) “Багшийн чадамжийн үндэсний хүрээ нь  ажил олгогчийн ялгаатай эрэлт, хүсэл тэмүүлэл хийгээд багшийн талаарх олон янзын үзэл санаа, санаачлагыг цэгцлэн нэг мөр болгон илэрхийлсэн хэрэгсэл юм.Энэхүү баримт бичигт боловсролын үйлчилгээний үр дүн,  мэргэжлийн тусгайлсан стандарт, мэргэжлийн гарааны стандарт, мэргэжлийн ахицын бүрдэл болон багшийн боловсрол, сургалтын байгууллагад чанарын баталгаажилт хийх процедурыг тодорхой гаргаж өгсөн байдаг” гэж тэмдэглэжээ.

Австрали улс мэргэшлийн үндэсний хүрээгээ  мэргэшлийн 10 түвшин, мэргэшлийн 5 зэрэг, түвшин, зэрэг бүрт харгалзах мэдлэг, чадвар, чадамж, агуулгын багтаамж, түвшин, зэрэгт харгалзах 10 төрлийн гэрчилгээ, дипломтойгоор боловсруулж хэрэглэж байна (Australian Qualifications Framework Council, Australian Qualifications Framework, Second Edition, 2013).

Энэтхэг улс мэргэшлийн үндэсний хүрээг 10 түвшин, үйл явц, мэргэжлийн мэдлэг, мэргэжлийн чадвар, гол чадвар, хариуцлага гэсэн түвшний 5 тодорхойлогчтойгоор боловсруулж хэрэглэж байна (Ministry of Finance, India, 2013, Notification No.8/6/2013).

Өмнөд Америкийн Бүгд Найрамдах Улс үндэсний мэргэшлийн хүрээнд нийцүүлэн багшийн боловсролын мэргэшилд тавигдах минимум шаардлагыг боловсруулан мөрдөж байна (The department of Higher Education and training, Government Notice No. 583, 2011).  

 

Мэдээллийг бэлтгэсэн ажлын хэсгийн гишүүн, профессор Ц.Лувсандорж

 

2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр

 



[1] Англи хэлний “National Qualification Framework” гэсэн хэллэг, утга агуулгыг эх хэлнээ Үндэсний Чанаржилтын Тогтолцоо гэж буулган ухаарвал илүү зохистой юм. Гэвч түүнийг Мянганы Сорилтын Сангийн төслийн хүрээнд Мэргэшлийн үндэсний хүрээ; Мэргэшлийн түвшний үндэсний хүрээ гэх зэргээр ярьж, улмаар энэ хэллэгээрээ мэргэжлийн бүлийн дунд хэрэглэгдэж байгааг энэхүү мэдээлэлд харгалзан үзлээ.
[2] Тухайн улсын онцлог, бодлогын шийдлээс хамааран мэргэшлийн түвшний тоо харилцан адилгүй байх ёстой. Гэвч улс орнууд мэргэшлийн түвшний хүрээгээ  8-10 түвшинтэй хийсэн байх нь элбэг байна.
[3] Түвшний тодорхойлогчид улс орнууд ихэвчлэн мэдлэг, чадвар, чадамжийг оруулсан байна. Чадамжийг нотлогдсон мэдлэг, чадвар, хандлагын нэгдэл, ер нь ажлын байрны шаардлагыг хангах хүний бүхэл илэрхийлэл хэмээн ойлговол зохино. Үүнийг зарим улс мэдлэг, чадварын хэрэглээ гэж авсан байхад зарим нь биеэ даасан байдал, хариуцлага гэж авсан байх. Мөн түвшний тодорхойлогчийг мэргэжлийн болон хувийн гэж ангилан үзсэн улс ч байна. Ер нь юуг мэргэшлийн түвшний тодорхойлогч болгох нь тухайн улсын өвөрмөц онцлог, соёл, үнэт зүйл, бодлогоос хамаардаг юм.
[4]European Centre for the Development of Vocational Training

Tuesday, November 3, 2015

БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТЫН ЧАДАМЖИД СУУРИЛСАН ХӨТӨЛБӨРИЙН ОНЦЛОГ, БҮТЭЦ, ЗОХИОМЖ


 

БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТЫН ЧАДАМЖИД СУУРИЛСАН                                         ХӨТӨЛБӨРИЙН ОНЦЛОГ, БҮТЭЦ, ЗОХИОМЖ,                                                      БОЛОВСРУУЛАХ  АРГАЧЛАЛ, ЗӨВЛӨМЖ

 

Ц.Лувсандорж, МУБИС

                                                       Удиртгал

Хүний хөгжлийн хэрэгцээ, шаардлага, өнгө аястай уялдан багшлах ажлын агуулга, хэлбэр өөрчлөгдөн хөгжсөөр иржээ. Манай эрины өмнөх V зуунаас манай эрины эхэн хүртэл үед харилцан ярилцах нь багшийн бусдаас ялгагдах гол чадвар болж байсан бол манай эрины эхнээс  XVI зуун хүртэл  үед дагуулан ажиллаж, ээлж өгөн дурайлгах хийлгэх үйл нь[1] багшийн ажлын арга барилд илүү их байр суурийг эзлэж байв. Манай эрины XVII зууны үеэс суралцах хүний тоо илт олширсноос улбаалж бүлгээр сургах арга сургууль, боловсролд гүнзгий нэвтрэн, улмаар “бүлгээр  сургах арга зүй буюу уламжлалт педагогикийг[2] эзэмшсэн байх нь” багшийн ажлын үндсэн хэмжээсийн нэг болж ирэв.  Шинжлэх ухаанч хандлага танин мэдэхүйн бүхий л салбар нэвтэрсэн XIX зууны эхэн үеэс XX зууны дунд хүртэл үед “ангид хийх бүхий л шийдлийг  хүүхдийн талаарх шинжлэх ухааны мэдлэгээс гаргаж байх нь”[3] багшийн ажил, түүний чадварт тавигдах нэгэн гол шалгуур болсон байв. Шинжлэх ухаанч хандлагын бүтэлгүйдэл, мөн мэдээлэл, технологийн хурдац, хөгжлийн өнгө аясаас улбаалан 2000 оноос хойш “багшлах нь ажил тул түүнийг үүрэгчилж, ажилбарчилж, алхамчилж болно. Иймд багшийн мэргэжлийн чадамжийг тогтоож болно” гэсэн үзэл хандлага гарч, улмаар “багш мэргэжлийн чадамжтай байх нь”[4] багшийн ажил, түүний чадварын хэмжээс болсон төдийгүй тэр ажлын байрны гол шаардлага болж эхлэв (Gouvernemnet du Quebek, Ministere de I Education, 2002, p 25-28)[5]. Багшийн ажлын агуулга, хэлбэрийн түүхэн өөрчлөлтэй уялдан багш бэлтгэх сургалтын хөтөлбөр ч мөн агуулга, хэлбэр, ур хийцээрээ  өөрчлөгдсөөр, шинэчлэгдсээр, хөгжсөөр иржээ.

 Мэдлэгтэй хүн түүнийгээ чадвар болгон хэрэглэж чаднагэсэн итгэл үнэмшилд тулгуурлан багшийг мэдлэг төвт сургалтын хөтөлбөрөөр бэлтгэж ирсэн түүх байхад мэдлэгийг хэрэглээ болгох арга ухаанд сургахад чиглэсэн чадварт суурилсан сургалтын хөтөлбөрөөр түүнийг бэлтгэж байсан үе бас бий.  “Төгсөгч ажилтай болсон байх”  шалгуур нь  их дээд сургуулийн сургалтын чанарын бодит хэмжүүр болж байгаатай уялдан багшийг хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ, ажлын байрны бодит шаардлагыг хангах мэдлэг,чадвар, хандлага (чадамж[6])-д суурилсан сургалтын хөтөлбөрөөр бэлтгэж байгаа үе ч мөн байна.  Багшийг бэлтгэх сургалтын хөтөлбөрийн түүхэн хөгжлийн явцад бий болсон эдгээр хандлага, шийдлийн  аль нь ч л өөртөө давуу бөгөөд сул талтай байх.  

Их мэдлэгийг гүнзгий эзэмшсэн багш аливааг өргөн харж, эргэцүүлэх боломж ямагт өндөр байдаг нь мэдлэг төвт сургалтын хөтөлбөрийн нэгэн давуу тал бол мэдлэгээ ажлын байрны чадвар болгон хувиргахад багшаас багагүй цаг хугацаа, туршлага, тасралтгүй зүтгэл шаардагдахад хүргэж байдаг нь түүний бодит нэгэн сул тал юм. Мэдлэгээ хэрэглэх ур ухааныг оюутанд эзэмшүүлж  байгаа нь чадварт суурилсан сургалтын хөтөлбөрийн нэгэн давуу тал бол мэдлэгийг хэрэглээ болгоход төгсөгч болон багш бэлтгэх сургуулиас харьцангуй их хугацаа, хөрөнгийг шаардахад хүргэж байдаг нь түүний бодит нэгэн сул юм.  “Төгсөгчдөд ажилтай болгоно” гэж амлан, түүндээ бодит ажлын байрны бодит шаардлага, үүрэг, ажилбарын  чадамжийг эзэмшүүлж хүрч байгаа нь чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийн үндсэн давуу тал бол харин ажлын байрны шаардлага, чадамжид  өөрчлөлт орох бүрт багш мэргэжил дээшлүүлэх зайлшгүй байдалд орж, эдийн засгийн зохих хүндрэлийг мэдэрч байдаг нь түүний бодит нэгэн сул  мөн.

Багш бэлтгэхдээ сургалтын хөтөлбөрийн ямар хэлбэрийг сонгох, мөн ямар арга замаар хэрэгжүүлэх нь боловсролын бодлогын шийдэл юм. Багш бэлтгэх бодлогын шийдлийн аль ч хувилбарын талаар хүн төрөлхтөн одоо хуваалцах  бодит туршлага, хэрэглэх ухаалаг арга, ашиглах хялбар аргачлалтай болжээ.  Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр, стандартыг боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх чиглэлээр гэхэд л манай улсын мэргэжилтэн, багш, судлаачид Америкийн Нэгдсэн Улсын Мянганы Сорилтын  Сангийн буцалтгүй тусламжаар урт хугацаанд хэрэгжсэн “Мэргэжлийн боловсрол, сургалтын чадамжид суурилсан шинэчлэл”  төслийн хүрээнд олон орны арвин туршлага, нарийн ур ухаан, аргачлалыг олж эзэмшин хэрэглэж туршсан байх (ММСА, 2013)[7].

Энэхүү мэдээллийн үлдсэн хэсэгт чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийн онцлог, бүтэц, зохиомж, арга зүй, аргачлалын талаар  товч толиулж, эцэст нь багш бэлтгэх сургалтын хөтөлбөрийг  чадамжид суурилан боловсруулах аргачлал, зөвлөмж, бүтэц, зохиомжийн нэгэн хувилбарыг танилцуулна.


         1. Сургалтын чадамжид суурилсан хөтөлбөрийн онцлог

Мэргэжилтэн, ажилтанг хөдөлмөрийн зах зээлийн бодит хэрэгцээ, ажлын байрны бодит шаардлагад нийцүүлэн бэлтгэхэд чиглэсэн сургалтын хөтөлбөр нь суралцагчдад тухайн мэргэжлийн ажлын байрны үүрэг, ажилбар, алхамуудыг төвөггүй хийхэд шаардагдах тодорхой мэдлэг, чадвар, хандлага цогц (чадамж)-ыг  юуны өмнө эзэмшүүлж дадлагажуулахад чиглэнэ.  Язгуур энэ шинжээрээ чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр нь дараах үндсэн онцлогтой:

-      Сургалтын хөтөлбөр, түүний хэрэгжилт нь тухайн ажил мэргэжлийн талаар бодлогын шийдвэр гаргагч, ажил олгогч, мэргэжилтэн бэлтгэгч байгууллагуудын хоорондын нягт хамтын ажиллагаа, ойлголцол, зөвшилцөл, түншлэлд[8] суурилсан байх,

-Хөтөлбөр бүхэлдээ тухайн ажил мэргэжлийн чадамжийн стандарт, чадамжийн тогтолцоонд үндэслэгдсэн байх,

-Хөтөлбөрийн хэрэгжилт нь суралцагчдад тухайн мэргэжлийн ажлын байрны үүрэг, ажилбар, алхмыг гүйцэтгэхэд шаардагдах мэдлэг, чадварыг эзэмшүүлж, хандлагыг  төлөвшүүлэх чиглэгдэж, ажил байранд дадлагажсан байх,

-Ажлын байрны чадамжийн нэгжийн бодит гүйцэтгэлээр суралцагчийг үнэлэх,

-Хөтөлбөрийг ажлын байрны шаардлага, үүрэг, ажилбарт гарсан өөрчлөлтийн дагуу тусган тасралтгүй сайжруулж байх.

 

 

2. Сургалтын чадамжид суурилсан хөтөлбөрийн агуулга, бүтэц

Сургалтын чадамжид суурилсан хөтөлбөрийн агуулга нь бүхэлдээ тухайн мэргэжлийн чадамжийн стандартад[9] нийцэж, түүний бүтэц нь энэ нийцлийг хамгийн сайн харуулахад чиглэгдэнэ. Иймд чадамжийн стандартад нийцэж, түүнийг хэрэгжүүлэх сургалтын чадамжид суурилсан хөтөлбөр нь дараах бүрдэл хэсэгтэй байдаг (Болор-эрдэнэ, 2013, 63-р тал)[10]. Үүнд:

Бүрдэл
Агуулга
Чадамжийн багцийн нэр
Ажлын үүрэг, ажилбар, алхам задлан шинжлэлээр багцлагдсан багц чадамжийн нэрийг бичнэ.
Чадамжийн код
Тухайн чадамжийн код нь тухайн мэргэжлийн түвшин, ангиллыг илтгэсэн байна.
Тухайн чадамжийн нэгжийн жагсаалт, код
1.      ........
Код:
     2. ......
Код:

 

Энэ хэсгийн дараа чадамжийн нэгж бүрийг дор дурдсан агуулгаар дэлгэрүүлж илэрхийлнэ. Үүнд:

1.Чадамжийн нэгж1-ийн нэр: ..........................

2. Чадамжийн нэгж 1-ийн код:.............................

3. Чадамж нэгж 1-ийн тодорхойлолт:.............................................

         (Энэхүү чадамжийн нэгжээр тухайн ажлын ямар ажилбарыг гүйцэтгэхэд сургах гэж байгаа талаар товч илэрхийлсэн байна)

4. Чадамжийн элементийн жагсаалт:  Чадамжийн элементийг жагсаах бичих

5. Өмнө эзэмшсэн байвал зохих мэдлэг, чадвар хандлага:............................

6. Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт: ........................................

Эзэмшсэн байх мэдлэг:.........................

Эзэмшсэн байх чадвар:............................

Төлөвшсөн хандлага: ............................

(Шалгуур үзүүлэлт шууд эхлэлтэй, төгсгөлтэй, хэмжигдэж, ажиглагдахуй үйл байх. Ажлын ажилбарын алхам, чадамжийн нэгжийн элементтэй уялдсан байх).

2.      Сургалтын чадамжид суурилсан хөтөлбөрийг боловсруулах ерөнхий аргачлал

 Ажил үүргээс тогтоно, үүрэг ажилбараас бүрдэнэ, ажилбар алхамд хуваагдана.Энэ ухаарал нь ажлын байранд шаардагдах чадамж, түүний нэгжийг тодорхойлох, улмаар чадамжид суурилсан хөтөлбөрийг боловсруулахын тулгуур үндэс нь болдог. Энэ санааг  дараах байдлаар хүснэгтлэн харуулж болно (Хүснэгт 2, Хүснэгт 3)[11].

                                   Хүснэгт 2: Үүргийг ажилбарчлал

        
       Үүрэг
Ажилбар
 
А1
A2
A3
B1
…………..
…….
…….
………
 
B2
………….
……….
……..
………
 
 
 
 
 
 
 

                                            Хүснэгт 3:Ажилбарын алхамчлал[12]

 
  Ажилбар
Ажилбарын код:
Ажилбарын агуулга, нэр:
Алхам
1
2
3
4
5
 
 
 
Алхмаар хийгдэх үйл
......
......
......
.......
......
 
 
 
Мэдлэг
...
.....
......
......
......
 
 
 
Чадвар
.....
......
......
......
.....
 
 
 
Хандлага
.....
......
......
.......
......
 
 
 
Хэрэглэгдэхүүн
 
 
 
 
 
 
 
 
Сэдэв
.....
....
....
 
 
Бүлэг сэдэв
.......
 

 

Ажлын үүрэг, ажилбар, алхам, тэдгээрийг гүйцэтгэхэд шаардагдах мэдлэг, чадвар, хандлагыг тодорхойлоход хэрэглэдэг энэхүү  шинжилгээг ДАКУМ (DACUM)[13]  анализ гэж ярих нь бий.

Ажилбарын алхамд хийх үйл чадамжийн нэгжийн элемент, ажилбар өөрөө чадамжийн нэгж, үүрэг нь харин багц чадамж, чадамжийн багц болж тогтоогдох ерөнхий хандлага ДАКУМ анализаас харагддаг. Мөн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэсэн нэгж хичээл нь чадамжийн нэгж, түүний элементийг эзэмшүүлэх,  харин курс хичээл нь чадамжийн багцийг эзэмшүүлэх үүрэг хүлээж, хувь нэмэр оруулах ерөнхий хандлага байгаа нь эндээс мөн ажиглагдана.

3.                  Багш бэлтгэх сургалтын чадамжид суурилсан хөтөлбөрийг боловсруулах ерөнхий арга зүй

Багш бэлтгэх сургалтын хөтөлбөрийг чадамж суурилж өөрчлөн хөгжүүлэхэд зарчмын хувьд дор дурдсан алхмыг хийж гүйцэтгэнэ. Үүнд:

-      Багшийн ажлыг үүрэгчлэх, үүргийг ажилбарчлах, ажилбарыг алхамчлах, Өөрөөр хэлбэл, багшийн ажилд ДАКУМ анализ хийх,

-      Багшийн мэргэжлийн чадамжийг тогтоож, чадамжийн нэгжийг ялгах,

-      Багшийн чадамжийн стандартыг[14] боловсруулах, батлуулах,

-      Багшийн чадамжийн стандарт нийцүүлэн багшийн ажлын байрны тодорхойлолт хийх,

-      Багш мэргэшлийн үндэсний түвшний хүрээг[15] тогтоож батлуулах, үндэсний түвшинд мөрдүүлэх,

-       Багшийн ажлын чанарын баталгаажуулалтын үндэсний тогтолцоог бүх талуудын оролцоотойгоор бүрдүүлэх, батлуулах, хэрэгжүүлэх,

-      Багшийн чадамжийн стандарт, багшийн ажлын байрны тодорхойлолтод нийцүүлэн багш бэлтгэх сургалтын чадамжид суурилсан хөтөлбөрийг хичээл, эсвэл модуль тус бүрээр боловсруулах, хэлэлцэх, батлах, мөрдөх, сайжруулах.

4.      Багш бэлтгэх сургалтын чадамжид суурилсан хөтөлбөрийг                        боловсруулахад тулгарч буй өнөөгийн гол бэрхшээл, сул тал  

Багшийн чадамжийн стандарт үндэсний түвшинд гараагүй байгаа нь багш бэлтгэх сургалтын хөтөлбөрийг чадамжид суурилан шинэчлэхэд тулгарч буй бодит нэгэн бэрхшээл мөн. Энэхүү бэрхшээл нь биднийг хөтөлбөр хийхийн тулд багшийн чадамжийг нарийвчлан шинээр тогтоох, эсвэл, түүнийг ерөнхий байдлаар баримжаалан хөтөлбөрийг мөн л ерөнхий байдлаар хийх үйлд аяараа хөтөлдөг.  Багшийн чадамжийг нарийвчлалтай шинээр тогтооход бид БШУЯ болон бусад оролцогч байгууллагатай нягт хамтран ажиллан багагүй цаг хугацаа, хөлс, хөдөлмөр зарцуулна.  Багшийн чадамжийг ерөнхий байдлаар баримжаалж хөтөлбөрийг хийх нь цаг хугацаа, хөлс, хөдөлмөр бага зарцуулах авч нарийвчлал муутай, чанаргүй болно. Ингэх нь үндсэндээ “цаасан” шинэчлэл болоод үлдэх магадлалтай байдаг. Дээрх тохиолдлын аль нь ч л эргээд бидний сул тал болно.

5.      Багшийн чадамжид суурилж хичээлийн хөтөлбөрийг сайжруулах,                       хөгжүүлэх одоогийн боломж, арга зам

Одоогийн дэвшүүлж буй хичээлийн хөтөлбөрийн загвар[16] нь бүтэц, агуулгынхаа  хувьд хэрэглэх бүрэн боломжтойг тэмдэглэхийн хамт түүнийг “оюутанд багшийн чадамж эзэмшүүлнэ” гэх үзүүлэлт, параметрийг нь тодорхой болгох замаар зохих түвшинд сайжруулах бодит шаардлага байна. Үүнийг тулд бид дараахь аргачлал зөвлөмж, зөвлөмж аргачлалын дагуу тухайн хичээлийн оюутанд багшийн чадамж эзэмшүүлэхэд оруулах хувь нэмрийг тодотгох замаар  сайжруулж болно. Үүнд:

- Багшийн ажлын байрны шаардлага болон ажил хийхэд багшаас шаардах чадамжид баримжаалж, оюутанд эдгээр чадамжийг эзэмшүүлэхэд тухайн хичээлийн оруулж буй хувь нэмрийг тодотгож, томьёолон бичих,

-Хичээлээр эзэмших мэдлэг, чадвар, хандлага нь багшийн ажлын аль хэсэг, ямар ажилбар, ямар үүргийг гүйцэтгэхэд хэрэглэгдэж буйг эргэцүүлж, тодорхойлон бичих,

-Хичээлийн агуулгын хэдий хэсэг, хувь нь оюутанд багшийн чадамж эзэмшүүлэхэд шууд чиглэж буйг эргэцүүлэх, баримжаалах,

-Хичээлийн хөтөлбөрийн үнэлгээний хэлбэр, даалгаврын төрөл нь багшийн ажил хийхэд шаардагдах үйлийн гүйцэтгэл, ажилбар, үүрэгт шууд хамааралтай байгаа эсэхийг эргэцүүлэх, хамаарлыг ихэсгэх.

Дээрхи аргачлал зөвлөмж, эргэцүүллээр хичээлийн хөтөлбөрийн оюутанд багшийн чадамж эзэмшүүлэхэд шууд чиглэсэн хувь хэмжээ, чанар чансаа нь зохих түвшнээр  нэмэгдэх нь дамжиггүй. Гэвч энэ нь багш бэлтгэх сургалтын хөтөлбөрийг багшийн чадамжид бүрэн нийцүүлэн гүйцэт боловсруулж, хөгжүүлчихлээ гэсэн үг биш.  Учир нь бидэнд багшийн чадамжийн стандарт одоогоор байхгүй байгаа.

Чадамжийн стандарт нийцүүлж чадамжийн багцад баримжаалан модульчилах байдлаар чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийг хийх нь их түгээмэл. Ингэж хийсэн бодит жишээ ч мөн цөөнгүй. Энэ хандлагыг баримтлавал чадамжид суурилсан  хичээл, сургалтын  хөтөлбөр модулан бүтэцтэй болж, зохион байгуулалт одоогийнхоос их өөр болно. Энэ бүхнийг хийхэд харин их эргэцүүлэл, их хэлэлцүүлэг, өргөн хүрээний зөвшилцөл, ойлголцол, багагүй цаг хугацаа, хүч хөдөлмөр хэрэгтэй.

Номзүй

Монгол хэлээр:

С.Болор-эрдэнэ,Чадамжид суурилсан сургалтын гарын авлага. Мастер принт ХХК, 367 тал

Монголын Мянганы Сорилтын Сан (ММСА), Мэргэжлийн боловсрол, сургалтын төслийн  үр дүн, сургамж, тогтвортой байдал, , ISBN 978-99962-892-8-6, Улаанбаатар, 124 тал

 

Англи хэлээр:

 

Gouvernemnet du Quebek, Ministere de I Education. (2002). Teacher Training in Vocational Education: orientations, professional competencies, 207 pages

 



[1] Makeshift teacher
[2] Traditional pedagogy
[3] Scientific teacher
[4] Professional teacher
[5]  Gouvernemnet du Quebek, Ministere de I Education. (2002). Teacher Training in Vocational Education: orientations, professional competencies, 207 pages
 
[6] Чадамж нь аливаа ажлыг бие даан тодорхой түвшинд гүйцэтгэхэд шаардагдах ажиглагдахуйц, хэмжигдэхүйц  мэдлэг, чадвар, хандлагын иж бүрдэл тогтолцоо юм.  Энгийнээр хэлбэл, ажлын бодит байранд шаардагдах бодит чадвар, хүнд ажил олгож буй чадвар болно. 
[7] Монголын Мянганы Сорилтын Сан (ММСА), Мэргэжлийн боловсрол, сургалтын төслийн үр дүн, сургамж, тогтвортой байдал,ISBN 978-99962-892-8-6, Улаанбаатар,124 тал,
[8] Building understanding, recognition, partnership among all agents
[9]Чадамжийн стандарт нь чадамжийн нэгж, чадамжийн элемент, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтээс үндсэндээ бүрдэнэ.
[10] С.Болор-эрдэнэ. Чадамжид суурилсан сургалтын гарын авлага. Мастер принт ХХК, 367 хуудас
[11] C.Болор-эрдэнэ, 2013, 45-р талыг харах
 
[13] Developing A CиrriculuM
[14] Teacher competence standards
[15] National teacher qualification framework
[16] МБУС-ийн Хөтөлбөрийн албанаас өмнө тараасан хөтөлбөрийн загвар. Түүний дагуу бид хичээлийн тодорхойлолт, хөтөлбөрийг боловсруулахаар ажиллаж байгаа.