Tuesday, June 24, 2014

Агуулга, арга зүйн шүтэлцээ (афоризм)



Агуулга үгүй аргазүй цэнэгүй.
Арга зүй үгүй агуулга үнэгүй.
Ц.Лувсандорж

Friday, June 20, 2014

Сургалтын шинэ төлөвлөгөөний төсөлд өгөх санал, зөвлөмж



                МУБИС-ийн сургалтын шинэ төлөвлөгөөний төслийг боловсронгуй болгох талаар өгөх зарим санал, зөвлөмж

                          Улаанбаатар хот                                        2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр

            Сургалтын төлөвлөгөө нь сургалтын төлөвлөлт хийх эдийн засгийн үндэслэл,  бусад улстай баримт бичиг хүлээн зөвшөөрөлцөхийн язгуур үндэс,  төгсөгчийн эзэмшсэн мэргэжлийнх нь зах зээлийн академик үнэ цэнийг харуулах баримт, хамгийн чухал нь, их сургуулийн чанар, чансаа, дүр төрх, нэр хүндийг харуулах үндсэн баримт бичгийн нэг юм. Сургалтын төлөвлөгөө нь ийм чухал лавлагаа баримт болохыг их дээд сургуулийн олон улсын магадлан итгэмжлэлийн баримт бичиг, аргачлал, олон улсын чанарын олон судалгаагаас харж болно. Ийм ч  учраас боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага сургалтын төлөвлөгөөг  онцгойлон үзэж баталдаг.
             Сургалтын шинэ төлөвлөгөөний энэхүү төсөлд  2 үндсэн дэвшилт санаа туссан байгааг, юуны өмнө,  сайшаан тэмдэглэж байна:
1. Кредитийн язгуур утгыг онож барьсан. Кредит нь суралцагчаас зээлж авсан урьдчилгаа мөнгө, зээл. Ийм учраас ч  мэргэжил олгоход чиглэсэн  үйл ажиллагаа бүхэн үнэн өртөгжидөг. Энэ санаа туссан тул уг төлөвлөгөө эдийн засгийн үндэстэй байна.
2. Их сургуулийн сургалтын язгуур шинж чанарыг олж барьсан.  Оюутан хүүхэд биш, харин насан хүрэгч тул их, дээд сургуулийн сургалт хувилбартай, сонголттой байдаг. Энэ санаа туссан тул уг төлөвлөгөө  андрогогийн үндэстэй байна.
           Сургалтын энэхүү төлөвлөгөөнд дээр дурдсан дэвшилт санаа туссан байгааг тэмдэглэхийн сацуу  түүнийг бүтэц, зохиомж, утга, агуулгын хувьд зайлшгүй дахин эргэцүүлж хэлэлцүүлбэл зохих хэд хэдэн оноогүй шийдэл байгааг тэмдэглэж байна. Үүнд:
1.        “Багш боловсролын суурь хичээл (A)” хэсгийн “Заавал суралцах хичээл”-ийн агуулга нэн зохимжгүй.  Энэ хэсэгт багш боловсролын агуулгыг илэрхийлэх зөвхөн хичээл (subject, предмет)-ийн нэр байх ёстой.   Одоогийн байгаа нь энэ шаардлагыг илт хангахгүй байгаа тул дараах саналыг дэвшүүлж байна.

Код
Хичээл
Кредит

Дуун ухаан (хөгжим)
2

Логик
2

Гүн ухаан
2

Монгол хэл (найруулга зүй)
2

Монголын түүх
2

Эдийн засаг ухаан
2

2.       “Багш боловсролын суурь хичээл”- хэсгийн “заавал судлах хэсэг” нь багшийн боловсролын суурь агуулгыг илэрхийлэх хичээл, товчхон хэлбэл, хичээлийн статустай судлагдахуун байвал зохино.  Одоогийн байгаагийн нэгээс бусад нь энэ шаардлагыг хангахгүй байгаа нь илт тул дараах саналыг дэвшүүлж байна. Үүнд:




Код
Хичээл
Кредит

Сурган хүмүүжүүлэх ухаан
3

Боловсролын сэтгэл зүй
3

Боловсролын гүн ухаан
3

Боловсролын менежмент
2

Боловсролын эдийн засаг
3

Сургалтын хөтөлбөр судлал
3

3.        Энэ сургалтын төлөвлөгөөний I, II, III хэсгийг Багш мэргэжлийн үндэс, Мэргэжил, Мэргэшил гэж тус тус нэрлэх саналыг дэвшүүлж байна. 

4.       Сургалтын хөтөлбөр нь сургалтын төлөвлөгөөг үнэн амиллуулах арга зүй, технологийн баримт бичиг юм. Чадамж суурилсан хөтөлбөр боловсруулах нь ширээний ард сууж хийх зүйл төдий биш харин багагүй судалгаа, хөдөлмөр, хугацаа шаарддаг. Иймд шинэ сургалттын төлөвлөгөөгөөр хичээллэж эхлэх хугацааг бэлтгэл бүрэн хангагдах бодит байдалтай уялдуулан оновчтой сонгох.

             Сургалтын төлөвлөгөөг боловсронгуй болгох нь сургалтын хөтөлбөр, бүтэц, зохиомж, тэдгээрийн үндэслэлтэй холбогдох нарийн чамбай судалгааны ажил юм. Ийм учраас, судалгааны үндэслэлтэй шийдэл шаарддаг болохыг мөн зөвлөж байна.


                                      профессор Ц.Лувсандорж