Явцын үнэлгээ хийх, шинжлэх аргачлал
(“Мэдээлэл зүйн мэргэжлийн дидактик” хичээлийн жишээн дээр)
Л.Мөнхтуяа
Энэхүү
өгүүлэлд бидний боловсруулсан багшиийн МХХТ-ийн цогц чадамжийн загвар, хүрээг
хэрэгжүүлэх аргазүй, түүний туршилтын үр дүнг авч үзлээ. МУБИС-ийн КМТС-ийн
Мэдээлэл зүйн багшийн (МЗБ) 3 дугаар ангид судлах “Мэргэжлийн дидактик II” хичээлийг туршилтад сонгон авсан болно.
Туршилтын
хичээлийн бүлэг сэдэв бүрээр багш ажлын хуудас, даалгавар, кэйс судалгаа,
эргэцүүлэл хийх зааварчилгаа, модулийн үнэлгээ, ашиглах материал, бүтээлийн сан
шалгах хуудас зэрэг сургалтын хэрэглэгдэхүүнүүдийг боловсруулан, мэдээлэл
өгсөн. Хичээлийн хуучин хөтөлбөр 8 бүлэг сэдвийн хүрээнд мэдээлэл зүйн багшийн заах
аргыг эзэмших агуулгад төвлөрч, сэдвийн заах аргазүйд тулгуурлан, оюутан
ганцаарчлан ажиллахад чиглэгдэн боловсруулагдсан байсан бол шинэ хөтөлбөр нь 5
бүлэг сэдвийн хүрээнд багшлахуй ба МХХТ-ийг интеграцчилахад чиглэгдсэн
агуулгатай, сургалтын технологийн болон боловсролын шинэчлэлийг тусгасан,
оюутнууд тоон хамтын ажиллагаа ашиглаж, багаар ажиллах аргазүйг эзэмшихэд
чиглэгдэн боловсруулагдсанаараа онцлогтой.
Оюутнуудын
гүйцэтгэх даалгавар, дасгал, бие даалтын ажлыг сургалтын цахим багц материал
бэлтгэх аргазүйд суралцахад чиглүүлж өгсөн. Тухайлбал оюутан бүрийн ахиц
амжилтыг бодитой үнэлэх зорилгоор явцын үнэлгээний хуудас болон рубрик
ашигласан бөгөөд даалгавар, бие даалтын ажил, багийн ажлын гүйцэтгэлийг оюутан
тус бүрээр тооцсон болно. Ингэхдээ бүлэг сэдэв тус бүрээр доод, дунджаас
доогуур, дундаж, дунджаас дээгүүр, дээд гэсэн таван түвшингээр МХХТ ашигласан
сургалтын материал боловсруулах цогц чадамжийг дараах чадваруудаар үнэлсэн.
Үүнд: Мэдээллийн цахим нөөц үүсгэх (монгол хэл дээр); Мэдээллийн цахим нөөц үүсгэх (англи хэл
дээр); Багаар хөтөлбөр хамтран
боловсруулах; Хөтөлбөрийн
танилцуулга хийх; Үнэлгээний цахим материал бэлтгэх; Эргэцүүлэл.
Туршилт хичээлийн эхэнд болон
төгсгөлд гарааны болон эцсийн тоон үнэлгээг хийсэн. МХХТ-ийн цогц чадамжийн гарааны болон эцсийн үнэлгээний
харьцуулалтыг Зураг 1-д харуулав.
Зураг 1. Цогц
чадамжийн чанарын үнэлгээний харьцуулсан график
Харьцуулалтаас
үзэхэд гарааны үнэлгээнд А үнэлгээтэй
оюутан байхгүй, В үнэлгээтэй 3 оюутан,C үнэлгээтэй 3 оюутан, D үнэлгээтэй 10 оюутан, F үнэлгээтэй 5
оюутан буюу амжилт 73,2 хувь, чанар 14,3 хувьтай шалгагджээ. Туршилтын
хичээлийн дараа хийсэн үнэлгээнд А үнэлгээтэй 2 оюутан, В үнэлгээтэй 11 оюутан, C үнэлгээтэй 5 оюутан, D үнэлгээтэй 3 оюутан, F үнэлгээтэй
оюутан байхгүй буюу амжилт 100 хувь, чанар 62 хувьтай гарчээ. Туршилтын дараа
оюутнуудын МХХТ ашиглан сургалтын багц материал үүсгэх чадвар эрс дээшилсэн нь
бидний дэвшүүлсэн аргазүйг ашиглах бүрэн боломжтой гэсэн дүгнэлтийг хийж
болохоор байна. Судалгааны хүрээнд дэвшүүлсэн таамаглалтыг батлах үүднээс цогц
чадамжийн эцсийн үнэлгээний хэвийн тархалтыг дараах аргуудаар шалгасан болно.
Тархалтыг
интервал хувьсагчийн гистограммаар харуулсан муруйг Зураг 2-д үзүүлэв. Энэхүү
гистограммаас харахад цогц чадамжийн үнэлгээний тархалтын муруй нь хэвийн
муруйд дөхөж байгаа нь харагдаж байна.
Зураг 2. Интервал хувьсагчийн
гистограмм хэвийн муруйн хамт
Тархалтын
муруй хэвийн байна гэсэн магадлалыг Колмогоров–Смирнов
болон Шарипо–Вилксийн тестээр шалгасан ба тархалтын тестийг Хүснэгт 1-д
харуулав. Колмогоров–Смирновын шалгуурын үр дүн болох
p–утга 0,123
байгаа ба үүнд ач холбогдлын түвшин 0,05-аас их байгаа тул хэвийн байна гэсэн
бидний таамаглалыг баталж байна.
Хүснэгт 1. Тархалтын тест
|
Колмогоров – Смирнов
|
Шарипо – Вилкс
|
||||
|
Статистик
|
df
|
Ач холбогдол
|
Статистик
|
Df
|
Ач холбогдол
|
Цогц чадамжийн үнэлгээ
|
,168
|
21
|
,123
|
,940
|
21
|
,221
|
Шарипо–Вилксийн
шалгуурын үр дүн р-утга 0,221 байгаа нь ач холбогдлын түвшин 0,05-аас их байгаа
тул хэвийн байх таамаглалыг давхар баталж байна. Эндээс бид хувьсагч хэвийн
тархалттай гэсэн нотолгоог оллоо. Энэхүү нотолгоо нь “Цогц чадамжийн үнэлгээ”
хувьсагчийн хувьд хэвийн тархалтыг баталлаа.
Зураг 3. Интервал
хувьсагчийн хэвийн магадлалын график
Бид дэвшүүлсэн таамаглалаар хэвийн магадлалын график (Normal
probability plot) аргаар шалгаж үзсэн. Бидний
үзэж байгаагаар тархалт хэвийн тохиолдолд харгалзах график шулуун шугамыг
харуулах ёстой. Уг шулуунаас илэрхий хазайлтыг олж харахгүй тохиолдолд тархалтыг
хэвийн гэж үзэх боломжтой. Зураг 3-д “Цогц чадамжийн үнэлгээ” хувьсагчийн
хэвийн магадлалын графикийг харуулав. Уг графикт илэрхий хазайлт байхгүй байгаа
тул тархалтыг хэвийн байна хэмээн дүгнэж байна.
Оюутны
эзэмшиж буй мэргэжлийн онцлогт нийцсэн, цаашид сурган хүмүүжүүлэх үйл
ажиллагаанд нь бодит хэрэглээ болохуйц агуулга, аргазүйгээр дамжуулан багшийн
МХХТ-ийн цогц чадамж төлөвшүүлэх нь чухал. Туршилтын дүнгээс үзэхэд багшийн
МХХТ-ийн цогц чадамжийг эзэмшүүлэхдээ сурган хүмүүжүүлэх зүй, мэргэжлийн
дидактик хичээлийн залгамж холбоог харгалзан боловсруулах шаардлагатай байна.
Судалгааны ажлын хүрээнд боловсруулсан аргазүйг ашиглан бусад мэргэжлийн
багшаар бэлтгэгдэж буй оюутнуудад багшийн МХХТ-ийн цогц чадамжийг эзэмшүүлэх
бүрэн боломжтой юм.
Дүгнэлт
Бид
оюутан багшийн МХХТ-ийн цогц чадамжид ахиц дэвшил гарна гэсэн таамаглалыг
батлах зорилгоор боловсруулсан цогц чадамжийн инвариант загвар, аргазүйг
туршиж, үр дүнд нь задлан шинжилгээ хийсэн. Туршилтын үр дүнд тоон болон
чанарын шинжилгээ хийсэн. Судалгааны хүрээнд дэвшүүлсэн таамаглалыг батлахдаа
туршилтын дараах цогц чадамжийн бүрдүүлбэр хэсгийн эцсийн үнэлгээг хэвийн
тархалттай гэсэн магадлалыг дэвшүүлж, Колмогоров-Смирнов, Шарипо-Вилкс нарын
тархалтын тест болон хэвийн магадлалын графикаар шалгаж үзэхэд тархалт хэвийн
байгаа нь батлагдаж, судалгааны хүрээнд дэвшүүлсэн таамаглал биелэгдсэн.
Туршилтаас сурган хүмүүжүүлэх зүй,
сэтгэл судлалын хичээл судалсны дараа Мэргэжлийн дидактик хичээлийн хөтөлбөрт сургалтын
цахим материал үүсгэх бүлэг сэдвийг оруулж туршихад оюутнуудын бүтээмж, идэвхи,
гүйцэтгэл, ганцаарчлан болон багаар ажиллах чадвар эрс дээшилж байна гэсэн
дүгнэлтийг хийж байна.
Ашигласан материал
1.
Жадамбаа.Б., Чимэдлхам.Ц., (2011), Судалгааны аргазүй
2.
Монголын мянганы сорилтын сан., (2013), Чадамжид
суурилсан сургалтын гарын авлага
3.
Мөнхтуяа.Л.,(2014), Багшийн МХХТ-ийн цогц
чадамжийг төлөвшүүлэх аргазүй МУБИС КМТС Эрдэм шинжилгээний бичиг №6
4.
Цэрэндондов.П., Чимэдлхам.Ц., (2013),
Сурган-сэтгэл зүйн судалгаа, түүний баримтад статистик задлан шинжилгээ хийх
арга
5.
Jasques Delors.,(1998),
Learning: The treasure within
6.
UNESCO., (2009), “Guide to measuring
information and communication technologies (ICT) in education”
No comments:
Post a Comment