Sunday, May 10, 2015

ЕБС-ийн Химийн Боловсрол ба Химийн Багш Бэлтгэх Сургалтын Агуулгын Харьцуулсан Судалгаа

2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн их семинарт хэлэлцүүлсэн илтгэлийн товчлол

ЕБС-ийн Химийн Боловсрол ба Химийн Багш Бэлтгэх Сургалтын Агуулгын Харьцуулсан Судалгаа

Илтгэгч: Б. Норовсүрэн

Химийн багш бэлтгэж буй сургалтын хөтөлбөрийг ЕБС-ийн химийн хичээлийн хөтөлбөртэй харьцуулан  агуулгын тохирц, залгамж холбоог судлах нь химийн багш бэлтгэх сургалтын үр дүн, чанарыг сайжруулах,  химийн багшийн ажлын байрны тодорхойлолт болон химийн багшийн стандартыг боловсруулахад чухал хувь нэмэр болохын сацуу бусад мэргэжлийн багш бэлтгэх сургалтын агуулгыг боловсронгуй болгоход чиглэгдсэн судалгааны нэгэн загвар болох юм. Манай орны хувьд ЕБС-ийн химийн хичээлийн агуулга, химийн багш бэлтгэх сургалтын химийн хичээлүүдийн агуулгын харьцуулсан судалгаа харьцангуй бага хүрээтэй хийгдэж байсан байна. Иймээс химийн боловсролын холбогдох бодлогын болон эрх зүйн баримт бичигт баримт бичгийн судалгаа хийх, химийн боловсролын стандарт, хими сургалтын хөтөлбөрүүд  мөн ЕБС-ийн багшийн стандарт, химийн багш бэлтгэх  сургалтын хөтөлбөрүүд, ЕБС-ийн химийн  сурах бичиг, МУБИС-ийн “Хими-байгаль шинжлэлийн багш” мэргэшлийн багц хөтөлбөрүүдэд  задлан шинжилгээ хийх, ЕБС-ийн химийн багш, ЕБС-ийн суралцагчдаас асуулгын болон  ярилцлага хийх зэрэг аргуудыг тус тус хэрэглэн дараах чиглэлүүдийн дагуу судалгаа явуулсан.

Үүнд:

1.      ЕБС-ийн химийн боловсролын агуулга болон  химийн багш бэлтгэх сургалтын агуулгыг тогтооход баримталсан бодлого, үзэл баримтлалын харьцуулсан судалгаа

2.      ЕБС-ийн химийн боловсролын стандарт, хөтөлбөрийн агуулгын судалгаа

3.      МУБИС-ийн Химийн багш бэлтгэх сургалтын хөтөлбөрийн агуулгын судалгаа

4.      ЕБС-ийн химийн боловсролын агуулга, химийн багш бэлтгэх хөтөлбөрийн агуулгын залгамж  холбоо, тохирцын судалгааг тус тус хийж дараах санал дүгнэлтүүдийг гаргасан.



Санал, дүгнэлт

1.      ЕБС-ийн химийн боловсрол, химийн багш боловсролын агуулга нь орчин үеийн онол үзэл баримтлал, бодлогод тулгуурлан боловсрогдсон хэдий ч нийгмийн болон хувь суралцагчийн  хэрэгцээг бүрэн дүүрэн хангаж чадахгүй байна.  

2.      Судалгаанаас ЕБС-ийн химийн боловсролын стандарт, хөтөлбөр, сурах бичгийн агуулгын залгамж холбоо, тохироц нарийн сайн тогтоогдоогүй, хөтөлбөрт тусгагдсан ялангуяа 11-12-р ангийн агуулга харьцангуй хүнд байна гэсэн үр дүн гарсан нь тэдгээрийг нягталж, нарийвчлан судлах, мэргэжлийн түвшинд хэлэлцэн боловсронгуй болгох нь нэн даруй шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудал болж байна.

3.      Химийн багш бэлтгэх сургалтын хөтөлбөрүүдийн агуулгын дотоод залгамж  холбоо нь химийн багш боловсролын зорилго, хэрэгцээнд тохирч нарийн боловсрогдоогүй байна. Иймд зорилго, хэрэгцээнд нь нийцүүлэн нарийн тогтоох шаардлагатай байна. 

4.      ЕБС-ийн химийн хичээлийн хөтөлбөрийн агуулга, химийн багш бэлтгэх сургалтын хөтөлбөрийн агуулга залгамж  холбоотой, үндсэндээ тохирч байгаа боловч багш бэлтгэх сургалтын агуулгын давхцалыг багасгах, химийн багш боловсролын хэрэгцээнд нийцүүлэн  дээр дурьдсанчилан зарим хичээлийн агуулгыг өөрчлөх, цагийг нэмэгдүүлэх, мөн зарим хичээлийн агуулга, цагийг хасах, зайлшгүй судлах шаардлагатай хичээлүүдийг нэмж оруулах шаардлагатай байна.

5.      Химийн багш бэлтгэх ажлыг чанаржуулахын тулд тухайн мэргэжлийн багшийн ажлын байрны тодорхойлолт, стандартыг боловсруулж химийн багшийн зайлшгүй эзэмшсэн байх мэдлэг, чадвар,  хандлагыг тусгаж оруулах шаардлагатай байна.

 

No comments:

Post a Comment