Sunday, January 29, 2017

Сурах Язгуур Ухаан, Багшлах Язгуур Урлаг



Сурах Язгуур Ухаан, Багшлах Язгуур Урлаг
Ц.Лувсандорж, МУБИС
Сурах язгуур ухаан
Хүн тогтолцоо юм. Тэр дорны соёл иргэншлийн утгаар бие, хэл (оюун), сэтгэл;  өрнийхөөр бие, оюун, спирит[1] бүхий оршихуй. Хүний сурах үйл иймд биеийн ч, оюуны ч, сэтгэлийн ч бүрдэлтэй. Сурах үйлийн  бие, оюуны бүрдэл, тэдгээрийн нэгсэл, шүтэн барилдлагаа нь тархины бодит судалгаа[2]-гаар улам нотлогдсоор байгаа бол түүний бие, сэтгэлийн бүрдэл, тэдгээрийн шүтэн барилдлагаа нь сэтгэлийн оюуны[3] онолын хүрээнд илэрсээр байна. Харин сурахын бие, сэтгэлийн бүрдэл, тэдгээрийн нэгсэл, шүтэн барилдлагаа нь сэтгэлийн биологоор илрэх болно. Сурах иймд бас л тогтолцоо юм (Бүдүүвч).
Эрүүл хүн л амжилттай суралцана. Хүн эрүүл байна гэдэг нь зөвхөн биологийн хувьд эрүүл байх төдий бус, харин тогтолцооныхоо хувьд эрүүл байна гэсэн үг юм. Тэгэхээр хүний эрүүл байдал нь бие, оюун, сэтгэлийн шүтэн барилдлагааны эрүүл нэгслээр хэмжигдэнэ. Бие эрүүл, оюун саруул, сэтгэл тунгалаг байх нь эрүүлийн тогтолцоот шинж юм. Энэ нь сурч аж төрөх, аж төрж сурах; cурч хөгжих, хөгжиж сурах[4] -ын зайлшгүй нөхцөл мөн.
Эрүүл хүнд сурах үйл бүх биеийн бүхэл мэдрэмжээр эхэлнэ. Энэ мэдрэмж нь нүд, хамар, чих, ам, арьс, тархи, билиг оюун[5] зэрэг хүний биеийн бүх эрхтэн, хэсгийн харах,  үнэрлэх, сонсох, хүрч мэдрэх[6], төсөөлөх, зөн барих[7], дээд түвшинд мэдрэх[8] зэрэг бүх мэдрэмжийн нэгсэл, нийлэмж байна. Эдгээрээс сэтгэл, бие; сэтгэл оюуны шүтэн барилдлагаанаас үүдэх зөн, дээд мэдрэмж нь сурахын анхдагч үйлийн хөтөч, чиглүүлэгч юм. Зөн, дээд мэдрэмжийн энэхүү хөтөч, чиглүүлэгч үүргийн мөн чанар, уг шалтгааныг  дөнгөж төрсөн хүүхдийн мөөмөө олохоор хийж буй үйлийнхтэй ижилсгэн зүйрлэж болно.
Сурахын эхэнд хийгдэх мэдрүүлэн бүхэллэг ухааруулах, ухааруулан бүхэллэг мэдрүүлэх үйлийн явцад сэтгэл хөдлөл бий болдог. Мөн бие, оюун, сэтгэлийн бүрдэл бүхий мэдрэмжээр мэдрэлийн эс, төв цочирно. Энэхүү цочролоос үүдсэн хэлбэлзэл[9] -ийн үр дагавар болж тэдгээрийн хооронд цахилгаан, химийн холболт[10] бий болно. Ийм холболтын дүнд мэдрэлийн эсүүдийн хооронд мэдээлэл дамжина, дүнд нь мэдрэлийн сүлжээ[11] бий болно. Энэ нь мэдэх, сурах үйлийн биологи мөн. Ийм биологи бүхий сүлжээ, холбоосын нийлэмж  нь шинээр сурч, мэдэж буй зүйлийн оюуны төсөөлөл, дүр[12] мөн. Сурах үйл явцын бүхэллэг мэдрэмж, төсөөллийнх нь үр болсон оюуны энэ дүр, төсөөлөл  мөн л биологитой. Шинэ зүйлийг сурах, мэдэхэд мэдрэлийн эс хийгээд төвүүдэд шинээр нэмж үүссэн тэрхүү холбоосын тоон хэмжээ, харьцааг тооцоолох замаар хэмжиж[13] болох тул сурахын оюун дүр, төсөөлөл мөн хэмжээстэй, хэмжүүртэй. Сурах нь иймд тархи хийгээд биед биологи бүхий шинэ бүрдлийг бий болгодог хүний гайхамшигт нэгэн үйл мөн. Ингэж бий болсон шинэ биологийг хүн бие, оюун, сэтгэлийн нэгслээр мэдэрч сэтгэл нь хөдөлдөг. Хүний энэ мэдрэмж, сэтгэлийн тэр хөдлөлийн мөн чанарыг эх хүн хэвлийдээ хүүхэд олсноо мэдрэхэд үүсэх сэтгэл хөдлөлийнхтэй ижилсгэн зүйрлэж болно. Сурах  ингэж баясал, цэнгэл болдог. Сэтгэл хөдлөлжсөн төсөөлөл, төсөөлчлөгдсөн сэтгэл хөдлөл  нь сурахын эхлэл, мэдлэг бат бэхжихийн эх үндэс мөн. Энэ нь оюунд бий болсон шинэ холболт, дүрийг хураангуйлан кодлох, утга оноохын эх үндэс болно.
Сурах үйл явцын дараагийн алхамд хүн шинээр сурсан зүйлийн оюуны дүр төсөөлөлд утга онооно; нэршүүлнэ; хураангуйлж кодлоно; бүртгэнэ; эрэмбэлж цэглэнэ. Үүний дунд шинээр сурсан зүйл хүртэгдэнэ[14], хэлэгдэнэ, сонсогдоно, уншигдана, бичигдэнэ, харагдана. Энэ шинжээрээ энэ шатанд сурсан зүйл нь хэмжигдэнэ, шалгагдана, үнэлэгдэнэ. Энэ шатанд хүн шинэ зүйл сурсан, мэдсэн эсэхээ харьцаж харуулах боломжтой, мөн өрөөлд түүний сурсан, мэдсэн эсэх нь бас ажиглагдана.  Сурах  үйлийн энэ хүртэлх үр нь мэдлэг мөн.
Сурах үйлийн явцын үр болох мэдлэгийн биологи нь эцэстээ мэдрэлийн эс, төвүүдийн холболт тул цочрол, хэлбэлзэл үгүйрэхэд холбоос амархан үгүйрнэ. Энэ нь мартахын биологи юм. Мартах нь иймд сурах үйл явцад тохиодог оюуны нэгэн үзэгдэл мөн. Сурах үйлийн өрнөлийг утга оноох түвшинд зогсоосны дараа хүний мэдэрсэн, төсөөлсөн, мэдсэн зүйл амархан мартагдана. Сурах мартах болох энэ үзэгдэл харамсалтай нь бодит амьдралд их түгээмэл байдаг. Үүнийг Монголчууд салан байвгайн дүрээр үлгэр болгон сануулсаар байдаг. Мэдсэний дараа мартагдсан зүйл, үйлийг дахин хийхэд хүн мэдрэмж, төсөөлөл, сэтгэлийн хөдлөлийн уг чанараас улбаалан анхныхаасаа, харин, түүнийг амархан мэдэрнэ, төсөөлнө, мэднэ. Үүнийг мэдлэг сэргээх гэж ярина.
Сурсан зүйл, мэдсэн мэдлэгээ “сураагүй, мэдээгүй юм шиг” болгохгүйн тулд мартахгүй байх хэрэгтэй. Мартахгүй байхын тул мартахын биологи, нөхцөл байдлыг биед үүсгэхгүй байх шаардлагатай. Үүний тулд сурсан зүйлийнхээ оюуны дүрийн биологи, холбоосыг идэвхитэй байлгах болдог. Түүний тулд сурах үйл явцыг давтан хийх, ижил төрлийн нөхцөлд сурах үйлийг эхнээс нь дахин гүйцэтгэнэ, хэрэглэнэ. Мөн урт хугацааны санамжид сурахын оюун дүрийн утгыг бэхэлж өгөхийн тулд сэтгэл,түүний хөдлөлтэй сурах үйл явцын шат бүрийн үйлийг холбоно. Ингэсний дүнд мэдлэг бататгадаг, бэхждэг. Энэ бүхний эцэст сурахын биологи нь хүний биеийн төрмөл хэсэг шиг болж, дүнд нь мэдлэг чадвар; чадвар дадал болж хувирна. Ийнхүү өрнөдөг сурах үйлийн үр нь эцэстээ хүний бүтэн хөгжил юм. Бүхэл сурахад бүтэн хөгжинө, бүтэн хөгжихөд бүхэл сурдагийн мөн чанар үүнд оршино.




Сурах нь гарт орсон өргөсийг авах лугаа хурдан өрнөх үйл биш, харин тасралтгүй, удаан, баясалтай, хөгжилтэй явагдах үйл явц мөн. Яст мэлхийнхтэй ижилсгэгдэн зүйрлэгдэх сурахын энэ мөн чанарыг эс таньсан, эс барьсан, эс баримталсан хүнд өөрийгөө сурч баясах, баясаж сурах, сурч боловсрох, хөгжиж сурах, сурч хөгжих үйлээс ангид авч үзэх хандлага ажиглагдана. Харин сурахыг өөрийнхөө үйл, ертөнцийн нэгэн салшгүй хэсэг болгосон хүн мэдэрнэ, баясана, мэднэ, эргэцүүлнэ, эргэлзэнэ, өөртөө итгэлтэй болно, өөрөө өөртөө сэтгэл хангалуун болж эцэстээ хөгжинө, хөгжилд хүрнэ. Сурах язгуур ухаан[15] ингэж хүний бүтэн хөгжил[16]-ийн урлаг болно.
Багшлах язгуур урлаг
Сурах үйлийн мөн чанарын язгуур дээрх шинжийг танин барьж, баримталснаар хүн бүр өөрөө өөрийнхөө багш байж сурч чадна. Бас өрөөлийн багш болж, түүнийг сурахад хөтөлж чадна. Үүний тулд тэр багшлах ухаан, багшлах урлагийг эзэмших хэрэгтэй.
Сурахын язгуур зүй тогтлын дагуу судлах, суралцах агуулгыг суралцагчийн хийх  үндсэн үйл, үйл ажиллагаа болгон хувиргах нь багшлах гэсэн үгийн язгуур утга, багшлах ажлын язгуур үйл, багшлах язгуур санаа, ухаан[17] юм. Багшлах язгуур ухаан багшийн уран үйлээр л урлаг болно. Энэ үед багшлах язгуур ухаан багшлах язгуур урлаг[18] болдог. Багшлах ухааныг багшлах урлаг болгодог тэр уран үйл нь агуулгын боловсруулалт, агуулгын дидактик хувиргалт[19], агуулгын дидактик инженерчлэл[20], агуулгын дахин бүтэцчилэл[21], агуулгын дидактикийн бүтэн шийдлийн нэгсэл, нийлэмж болох дидактик шийдэл, арга зүй, дидактикаар илэрнэ.
Сурахын язгуур мөн чанарын дагуу ерөнхий боловсролын математик, математикийн ерөнхий боловсролыг эзэмшихэд судалдаг академик агуулгыг хүүхдийн хийх үйл болгон хувиргах арга зүй, аргачлал[22]-ыг боловсруулж, МУБИС-ийн математикийн багш мэргэжлийн оюутнууд үздэг математикийн дидактик хичээлийн хүрээнд олон арван сэдвийн язгуур дидактикийг олон жилийн турш боловсруулж, ерөнхий боловсролын МОНГЕНИ сургуульд туршиж байна. Мөн тэдгээрийг МБУС-ийн Дидактикийн тэнхмийн Багшлах Урлаг сэтгүүлийн аргазүйн буланд хэвлүүлж мэргэжлийн бүлийн хүртээл болгон хэлэлцүүлж байна. Тэдгээрээс хуваахын язгуур дидактикийг дор жишээлэн оруулав.
Хуваахын Язгуур Дидактик
Хуваах нь багцлан авах гэдгийг хүүхдээр мэдрүүлж ухааруулах[23]-ын тулд хүүхдийг өөрсдийг нь багцлах үйлийг эзэд болгох дасгалд хийлгэдэг юм. Үүний тулд  хэд хэдэн хүүхдүүдийг сайн дураар нь самбарын өмнө гаргаж,  багт хуваах, тэр тусмаа ижил тооны гишүүдтэй баг хуваах үйл ажиллагааг гүйцэтгүүлдэг (Багцлалт үзүүлэнгийн нэгдүгээр алхмыг хар). Үзүүлэнд 10 хүүхдийг 3 гишүүнтэй багт хуваах үйл ажиллагааг хийлгэснийг дүрслэн үзүүлсэн байна.  Ингэхэд баг болоогүй нэг хүүхэд үлджээ.  Энэ үйл ажиллагааг ангийн бусад хүүхдийг оролцуулан заавал хийлгэдэг юм. Учир нь хуваах гэдэг багцлах, багцлан ялгах, авах гэсэн язгуур утга санааг мэдрүүлэн ухааруулах, ухааруулан мэдрүүлэх энэ алхмын дүнд хүүхдэд cэтгэл хөдлөлжсөн төсөөлөл, төсөөлчлөгдсөн сэтгэл хөдлөл бий болдог. Энэ нь сурахын гүн эхлэл, мэдлэг бат бэхжихийн эх үндэс байдаг.









Бүхэл биеэр мэдэрч ухаарсан, ухаарч мэдэрсний үр болох төсөөлөл[24] хүүхдэд бий болсон эсэхийг зургаар дүрслэх харуулах замаар таньдаг  (Багцлалт үзүүлэнгийн хоёрдугаар алхмыг хар). Энэ алхамд хүүхэд бүр өмнө биеэр хийж гүйцэтгэсэн багцлах, баг болгох үйл ажиллагаагаа дүрсжүүлэн зурж харуулна.  Үзүүлэнд нэг хүүхэд таван хошууг ашиглан дөрвөөр багцалсныг харуулсан бол нөгөө нь дөрвөлжин дүрсийг ашиглаж таваар багцалсныг харуулжээ. Багцлалтыг зурж дүрслэх, дүрслэн зурж буй хүүхдийн оюунд мэдрэлийн эсийн холболт, химийн урвалын дүнд дүр[25], төсөөлөл бий болсон байх юм. Энэ нь оюунд бий болсон шинэ холболт, дүрийг хураангуйлан кодлох, утга оноохын эх үндэс болдог.
Хуваах нь багцлах үйлдлээр мэдрэгдэж оюунд дүрслэгдэх тэр эгшинд тоог тоонд хуваахыг хураангуй код болох тэмдэгтээр, математик хэлээр илэрхийлж, тэрхүү код, илэрхийллийг нэршүүлнэ (Багцлалт үзүүлэнгийн гуравдугаар алхмыг хар). Энэ эгшинд  хүүхдийн биеэр мэдрэгдсэн, оюунд төсөөлөгдсөн тэр нэгэн зүйл шинэ нэр томьёо, шинэ ухагдахуун, шинэ дүрэм болгон хувирч богино хугацааны санамжид хадгалагддаг.
Сэтгэл хөдлөлтэй холбож, дахин дахин дуудан хэрэглэгдсэний дүнд тоог тоонд хуваах (оронгоос үл хамаарах) шинэ мэдлэг, чадвар нь эцэстээ урт хугацааны санамжид бууж,  мартах, будилахын айдасгүй болж хүүхдэд төрөлхийн юм шиг, өөрийнх юм шиг болсон байдаг. Энэ эгшинд биеэр үйлдэгдсэн, оюунд төсөөлөгдөн кодлогдсон, дахин дахин дуудагдан хэрэглэгдсэн тэр шинэ зүйл бэхжсэн, бататгагдсан мэдлэг, чадвар, дадал болсон байх юм.
Сурах нь биед биологи бүхий шинэ бүрдлийг бий болгодог хүний гайхамшигт нэгэн үйл юм. Ингэж бий болсон шинэ биологийг хүн бие, оюун, сэтгэлийн нэгслээр мэдэрч сэтгэл нь хөдөлдөг. Тэр эгшинд сурах баясал, цэнгэл болно. Энэ баясал, цэнгэл хүнийг эргэцүүлэлд хөтөлнө. Энэ үед сурах ухаарал болдог. Энэ ухаарал бас заримдаа алдаатай байх нь бий. Энэ үед сурах эргэлзээ байдаг. Эргэлзээг арилгахын тулд сурах үйлийн өрнөлийг эхнээс давтана, магадлана. Үйлийн энэ эргэлтэд сурах давтлага, дадлагажилт болно. Бас мэдлэг чадвар; чадвар дадалд хувирна. Хүн өөртөө итгэлтэй, үйлдээ сэтгэл хангалуун байна. Сурах үйлийн ийм өрнөлтийн дүнд хүн бие, сэтгэл, оюуны хувьд хөг орж бүтэн хөгжинө. Энэ утга нь чухамдаа сурах, хөгжихийн мөн чанарын язгуур  юм. Бас сурахын язгуур ухаан мөн. Сурахын язгуур зүй тогтолтой уялдуулан судлах агуулгыг суралцагчийн хийх үндсэн үйл, үйл ажиллагаа болгон хувиргах нь, тэгэхээр, багшлах гэсэн энэ үгийн язгуур утга; багшлах ажлын язгуур үйл, багшлах урлагийн язгуур ур, багшлах ухааны язгуур үндэс мөн.



[1] spirit
[2] neurоscience
[3] emotional intelligence
[4] хөг орох, хэм орох.  Ж.Баярсайхан, Ц.Лувсандорж, Хүн хөгжим, “Тэнгэрлэг үсэг ХХК, Xpress хэвлэх үйлдвэр , 2015, х112
[5] wisdom
[6] touch
[7] intuition
[8] metacognition
[9] electro-chemical pulse called an action potential (or nerve impulse)
[10] electro-chemical interactions
[11] neuron networks with synaptic connections
[12] image
[13] new foundation for representation in cognitive and brain science
[14] perceiving, perception
[15] anthropological theory of learning
[16] Ц.Лувсандорж, Бүхэл хүний бүтэн хөгжил боловсролын ирээдүй, Багшлах урлаг сэтгүүл, 2015/2, х 6-9
[17]  anthropological theory of teaching
[18] teaching art representing  anthropological theories of  learning and teaching
[19] didactic transformation
[20] didactic engineering
[21] didactic restructuring
[22] Ц.Лувсандорж, Сэдвийн дидактикийн бүтэн шийдлийн нэгэн аргачлал, “Математик, байгалийн ухааны дидактикийн тулгамдсан асуудал, шийдэл, арга зам эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл, хуудас 8-15, 2015, УБ
[23] emotional intelligence
[24] representation
[25] image, mapping

Monday, January 23, 2017

Сэтгэлийн Биологийн Эрэлд



                                                  Сэтгэлийн Биологийн Эрэлд
Ц.Лувсандорж, МУБИС
Б.Оюунчимэг, МУБИС

Хүн тогтолцоо. Тэр, дорны соёл иргэншлийн утгаар бие, хэл (оюун), сэтгэл; өрнийхөөр бие, оюун, спирит[1] бүхий оршихуй. Бүхэлд хэсгийн; хэсэгт бүхлийн шинж байх нь тогтолцоо үүсэхийн язгуур шалтаг байдаг. Хэсэгжсэн бүхэл, бүхэлжсэн хэсэг болж тогтолцоожих жам ёсоор биед оюун, сэтгэлийн; оюунд бие, сэтгэлийн; сэтгэлд бие, оюуны бүрдэл бий.
Биеийн оюун; оюуны биеийн бүрдлийг тархи судлалын ухаан[2] судалж, тархи, түүний бүтэц, үүргийн талаар хүн төрөлхтөн одоо багагүй мэдлэг, чадвар, туршлагыг хуримтлуулжээ. Сэтгэлийг мөн чанараар нь бус харин шинж нь болох хөдлөлөөр нь дамжуулж судалснаар сэтгэлийн хөдлөл оюуны[3] бүрдэлтэйг шинжлэх ухаанчаар мөн нотолж чаддаг болжээ. Бас хүний тогтолцоот чанар ёсоор, биед сэтгэл бий, сэтгэлд бие, биологи бий. Тэр, гэвч, хаа байна вэ? Сэтгэл, ер нь, биологитой юу?
Их энгийн хэлэгдэх энэ асуулт их эртнийх. Энэ асуултын утга, агуулга  хүн төрөлхтний соёл иргэншлийн явцад хүний бие, оюун, сэтгэл, тэдгээрийн бүрдэл, нэгсэл, нийлэмжийн илэрхийлэл болж бий болсон психо[4], боргоцой булчирхай[5], сүнс[6], спирит[7], зан авир[8], амьсгал[9], зүрх[10], билиг ухаан[11], зөн[12], дээд мэдрэмж[13] зэрэг олон янзын ухагдахуун, нэр томьёо, тэдгээрийн биологитой холбогдоно.
XVIII зуунд сэтгэл судлал[14] гүн ухаанаас ангид болж хөгжихөд түүхэн хувь нэмэр оруулсан, гүн ухааны эцэг гэгдэх Р. Декарт (1596-1650) “Тархины геометр төвд байрлах боргоцой хэлбэрийн булчирхайд хүний сүнс байрладаг” гэж үзэн түүний хүний оюун, сэтгэлийн хөгжилд үзүүлэх үүргийг онцгойлон судалж, энэ талаар бий болсон өөрийн итгэл үнэмшлээ “Би бодож байна. Тийм учраас би оршиж байна” гэж илэрхийлэн үлдээжээ. Декартаас 21 зууны тэртээ, МЭӨ III зуунд хүний биеийг задлан үзэж судалсан ажлаараа анатомын хөгжилд их хувь нэмэр оруулсан, анатомын эцэг гэгдэх Херофилус (МЭӨ 335-280) “Хүний спирит нь боргоцой булчирхайд байрлаж хүний биеийг удирдана” гэж үзэж байв. Түүнээс өмнөх үеийн хүмүүс “Зүрхэнд хүний ухамсарын удирдлага оршино” гэж итгэдэг байжээ.
Мөнх тэнгэризмийн үзэл санааг баримтлагч, Монголын Их Эзэнт гүрэнг байгуулсан Тэмүүжин буюу Чингис хаан (1162-1227) хаан Херофилусээс 16 зууны хойно, Декартаас 3 зууны өмнө “Сэтгэлийг нь хурааваас бие нь хаа холдох вэ” хэмээжээ. Энэ хэллэгт “Сэтгэлд биеийг захирах шид, хүч бий. Тэр хүч нь биеэсээ ангид бус, харин түүнтэй хамт оршино” гэсэн утга санаа байна. Эндээс “Биеийг бүхэлд нь захирах хүч бүхий түүний хэсэг нь  сэтгэлийн биологи болно”  гэсэн таамаглал дэвшигддэг.
Чингис хааны амьдарч байсан үеэс 5 зууны хойно Дорны соён гэгээрүүлэгч Данзанравжаа (1803-1856) “Хүний сэтгэлийг үл хөдөлгөвөөс хөнгөн бийр хөшихийн учир юун” гэжээ. Түүний хэлсэн энэ үгэнд “Сэтгэл хөдлөл оюуны бүрдэлтэй. Тэр нь танин мэдэхүйн язгуур үндэс, хүч юм” гэсэн  ухаарал байна. Энэ санаа эдүгээ цагийн сэтгэл хөдлөлийн оюуны онолын ололтоор улам бүр нотлогдсоор байгаа юм. Энэ хэллэгээс “Сэтгэлийн биологи нь оюуныхтой ижилсэнэ” гэсэн эргэцүүлэл мөн дэвшигддэг.
Дорны төв ухааны үүднээс хүний сэтгэл, бие, оюуныг шинжиж үзснээр  тэдгээрийн нэгсэл, шүтэн барилдлагыг бид XXI зууны эхэнд ийнхүү илэрхийлж бас чадна. “Хүний бүтэн хөгжил бие, оюун, сэтгэлийн бүрдэлтэй. Бие эрүүл, оюун саруул, сэтгэл тунгалаг байх нь иймд хүн бүтэн хөгжиж, бүтэн оршихын эх язгуур мөн. ... Сэтгэл тунгалаг байхад бие, оюун, сэтгэлийн хэмнэл нэг; бодол, үйл, зөн зөв, анхаарал, хөдөлгөөн, харц энэрэнгүй;...бодол, үйл, зөн ижилсэн байдаг (Баярсайхан, Ж., Лувсандорж, Ц. 2015). Энэ өгүүлбэрт “Зөн, дээд мэдрэмж нь сэтгэлийн хүчийг мэдэрч, ажиж болох нэгэн хувьсагч болно. Мөн сэтгэл, оюун, биеийн нэгсэл нь зөн, үйл, бодол ижилсэж байгаагаараа хэмжигдэнэ, харагдана” гэсэн утга байна. Эндээс “Сэтгэлийн биологи нь зөн, үйл, бодлыг адилтгагдан ижилсүүлж чадах физиологи үүрэг бүхий биеийн хэсэгт бий” гэсэн таамаглал мөн дэвшигдэнэ.
“Сэтгэлийг бус, харин, түүний хөдлөлийн биологийг таних замаар сэтгэлийн биологийг тогтоож болно” гэсэн энэ санаа шинжлэх ухаанч хандлага мөн. Энэ хандлага, зарчмаар хүрсэн “Сэтгэл хөдлөлийг уураг тархины лимбийн тогтолцоогоор, мөн түүнийг гипоталамусаар тайлбарлах” гэсэн шинжлэх ухаанч 2 үндсэн онол, тайлбар одоогоор бий болжээ.
Физиологич П.К.Анохины сэтгэл хөдлөлийн биологийн онол ёсоор сэтгэл хөдлөл нь бие махбодийн хэрэгцээг хамгийн түргэн  үнэлэн дүгнэх шалгуур байдаг. Бие махбодид хэрэгцээ гарвал сэтгэлийн тааламжгүй байдал, харин хэрэгцээ нь хангагдвал тааламжтай байдал бий болох юм. Сэтгэл хөдлөлийг хариуцсан гол бүтэц нь хүний уураг тархины лимбийн тогтолцоо (амигдала)[15] (Зураг 1), торлог байгууламж түүний хөх толбо, таламус, гипоталамус, их тархины чамархайн хэсэг, бага тархи, нугасыг холбох холбоос (синапс)[16]-ын тогтолцоо ажээ. Эдгээр бүтцүүд сэтгэл хөдлөлийн төв болж байгаагийн учир нь тухайн бүтцүүдэд ялгаран гардаг биологийн идэвхт бодистой холбоотой. Тухайлбал дээр дурдьсан бүтцүүдийн гол медиатор нь адреналин, норадреналин юм. Адреналин их ялгарвал сэтгэл түгшиж, багасвал сэтгэл гутрал үүсч байдаг. Дофамин ялгаруулдаг завсрын тархины бүтэц, хар бие сэтгэлийн хөөрөлд (эйфори) оруулж хөгжилтэй болгоно. Р бодис өвдөлтийн мэдээлэл дамжуулж сэтгэл хөдлөлд оролцоно. Өвдөлт намдаах болон нойрсуулах үйлчилгээтэй хар тамхины төрлийн пептид ялгаруулдаг тархины бүтцүүд (төвийн хар бодис, лимбийн тогтолцооны доод хэсэг) сэтгэл хөдлөл үүсэн бүрэлдэхэд нэн чухал үүрэгтэйг нотолж чадсан юм (ЭМШУИС, 2006, хууд. 417).
Лимбийн тогтолцооны нэг онцлог нь түүний бүтцүүдийн хооронд хоёр талын энгийн холбоо байхын зэрэгцээ олон тооны битүү цагираг үүсгэн нийлмэл замыг үүсгэдэг. Эдгээр олон тооны битүү цагирагууд нь өөр өөрийн үүрэгтэй, бүтэцтэй. Гиппокампын цагираг суралцах үйлд чухал үүрэгтэй бол амигдала цагираг нь догшрон хамгаалах, хооллох, бэлгийн дур хүслээ хангах зан үйлийн тохируулганд оролцоно. Лимбийн тогтолцоо тархины ямар хэсэгтэй холбоотой байгаагаас хамааран түүний үйл ажиллагааны тохируулганд оролцох байдал өөр өөрөөр илэрнэ. Жишээ нь: лимбийн тогтолцоо неостратиумтай холбогдвол дээд мэдрэлийн үйл ажиллагааг саатуулах нөлөө үзүүлнэ. Лимбийн тогтолцоо сэтгэл хөдлөл бүхий дур хүслийн үед их биеийн болон вегетатив үйл ажиллагааг тохируулахад оролцоно. Сэтгэл хөдлөл, мэдээлэл дамжуулах, хүртэх, анхаарах, үйлийн төвшинг тохируулахад лимбийн тогтолцоо оролцоно.Лимбийн тогтолцоо дасан зохицох зан үйлийг хэрэгжүүлэх, сонгох боломжийг
Зураг 1. Лимбийн тогтолцоо. Эх сурвалж: (ЭМШУИС, 2006, хууд. 138)
тодорхойлно. Төрөлхийн зан үйл лимбийн тогтолцоотой хамааралтай. Дотоод орчны тэсвэртэй байдлыг хангахад гол үүрэгтэй. Дээд мэдрэлийн үйл ажиллагаа хэрэгжих, бүрэлдэн тогтох, сэтгэл хөдлөл бий болох хөрс суурийг лимбийн тогтолцоо бүрэлдүүлнэ.
Лимбийн тогтолцоо нь эрхтэний болон хөгшин тархи, үнэрлэх үйл ажиллагаатай шууд холбоотой. Үнэрийн мэдрэхүй нь их тархины бүхий л үйл ажиллагааны өвөрмөц бус идэвхжүүлэгч юм (ЭМШУИС, 2006, хууд.138).
Америкийн судлаач Стив Паркер сэтгэл хөдлөлийн биологийг ийнхүү тайлбарладаг: “Хүний зан байдал үргэлж тогтвортой байдаггүй. Дарамт болон хямралын үед дотоод ухамсраас олон жилийн өмнө бий болсон зөн билиг сэрж  бидний ухаан санааг эзлэн авдаг. Ийм үйл явцыг эртний тархи хийдэг (Зураг 1). Эртний тархинд лимбийн тогтолцоо, үнэрийн булцуу багтана.Үнэрийн булцуу нь лимбийн тогтолцоотой нягт холбоотой. Энэ нь үнэрлэх мэдрэхүй болон дурсамжийг хүчтэй сэргээж, сэтгэлийн хөдөлгөөний хариу урвалыг нөхцөлдүүлж өгнө. Лимбийн тогтолцоо нь далд ухамсар, зөн билгийн зан байдал, үр удмаа үлдээх болон амьд үлдэхтэй холбоотой адгуусны шинж чанартай хариу үйлдэлд нөлөөлдөг.Хүний эдгээр олон тооны төрөлхийн гаралтай эртний зан байдал нь их тархины гадаргад захирагддаг болсноос хойш ухамсар, эргэцүүлэн бодох байдал болон өөрчлөгдсөн. Хэдий тийм боловч заримдаа төрөлх хүсэл тэмүүлэл ноёлох нь бий.Энэ үед лимбийн тогтолцоо давамгайлж оролцдог ба зөн совин, хүсэл тачаал болон сэтгэл хөдлөлийг илэрхийлэх үед гол чухал үүргийг гүйцэтгэдэг (Паркер, 2010, хууд. 78)
Зураг 2. Сэтгэл хөдлөлийн физиологийн механизм. Эх сурвалж: (ЭМШУИС, 2006, хууд. 418)
Академич К.В.Судаков сэтгэл хөдлөл, түүний физиологийн механизмыг ингэж тайлбарладаг (Зураг 2). “Сэтгэл хөдлөлийг жолоодох хамгийн гол төв нь гипоталамус болно. Гипоталамуст эргэлдэж буй сэтгэл хөдлөлийн сэрэл их тархины гадаргад өгсөн идэвхижих замаар, дотоод шүүрэл болон гүйцэтгэх эрхтнүүдэд уруудах замаар нөлөөлнө. Энэ нөлөөллийн механизмаар сэтгэл хөдлөлийн үед биемахбодид илрэх бүхий л зүйл тайлбарлагдана. Сэтгэл хөдлөлийн үед үйлдэл төрх, хэл яриа өөрчлөгдөх, уйлах, амьсгаадах үйл олонтоо илэрдэг. Эдгээр нь сэтгэл хөдлөлийн ухамсарт захирагдах тайлал дасгал болно. Үүний зэрэгцээ сэтгэл хөдлөлийн нөлөөгөөр зүрх судасны үйл ажиллагаа, ходоод гэдэсний хөдөлгөөн хөлс дааварладаг. Эдгээр эрхтний үйл ажиллагаагаар илрэх сэтгэл хөдлөлийн тайлал нь ухамсарт захирагдахгүй тул сэтгэлийн тааламжгүй нөлөөлөл удаан хугацаагаар эсвэл, хэт хүчтэй илэрвэл өвчлөл эндэгдлээр тэргүүн байруудад ордог зүрх судас, мэдрэл сэтгэцийн эмгэг үүсэх үндсэн хүчин зүйлийн нэг болдог (ЭМШУИС, 2006, хууд. 418)
Хүний тархины лимбийн тогтолцоо амегдала гэх эртний тархины үлдэгдэл бүтэц нь хүний сэтгэл хөдлөлийн биологи юм. Сэтгэл хөдлөлийн энэ биологи нь эргээд сэтгэлийн биологи ч бас болно. Сэтгэл хаа байна, сэтгэл биологитой юу гэсэн асуултын дагуу хийсэн эрлийн нэгэн олз энэ л санаа нь сэтгэлд суурилсан хичээл сургалт, сэтгэлийн хэмжээстэй боловсролын онол, арга зүйг бүтээх бидний ирэх судалгааны тезис мөн.
Ном зүй
Монгол хэлээр:
Баярсайхан. Ж., Лувсандорж. Ц. (2015). Хүн хөгжим. УБ: "Тэнгэрлэг үсэг" ХХК.
Паркер, С. (2010). Хүний бие атлас. УБ: "Мон судар" хэвлэлийн газар.
ЭМШУИС. (2006). Хүний физилоги. УБ: Мөнхийн үсэг.
Англи хэлээр:
Amygdala. (n.d.). Retrieved from https://en.wikipedia.org/wiki/Amygdala


[1] spirit
[2] neuroscience
[3] emotional intelligence
[4] psyche
[5] pineal gland
[6] soul
[7] spirit
[8] behaviors
[9] breath
[10] heart
[11] wisdom
[12] intuition
[13] metacognition
[14] psychology
[15] Amygdala
[16] synapse

Боловсролын нийгэм зүйн тулгамдсан асуудал, шийдэл, арга зам