“Математикийн багш: Гайхамшиг уу, аймшиг уу?
сэдэвт их семинарын тэмдэглэл
Улаанбаатар хот Дугаар №1 2014 оны 2 дугаар сарын 13 –ны өдөр
Их семинар Математик статистик сургуулийн 511 тоот танхимд
15.30 цагт эхлэв.Тус семинарт магистрантууд, ЕБС-ийн багш нар
болон холбогдох бусад тэнхим, сургуулийн профессор багш нар оролцов.
Эхлээд Ц.Лувсандорж, Л.Даваажаргал нь уг сэдвийн
агуулгаар бичсэн эссэн гол санааг товч илтгэв. Дараа нь оролцогч саналаа
хэллээ. Их семинар 17 цаг орчим өндөрлөв.
Илтгэгч: Ц.Лувсандорж, Л.Даваажаргал “Математикийн багш:
Гайхамшиг уу, аймшиг уу?”
Ц.Лувсандорж: Бид өмнө улиралд
явуулсан их семианар хэлэлцүүлгээ үргэлжлүүлж байна. Манай семинар нийтэд
зарлагдаж буй учир өнөөдрийн семинарын гарчигаа хоёр туйлтай байдлаар бичсэн.
Математикийн багш бол мэдээж гайхамшиг шинжтэй, мөн заримдаа аймшиг байдалтай
болоод байгаа шүү гэсэн санааг хэлнэ.
Удиртгал хэсэгт бол гайхамшиг
шинжтэй нь юугаар илэрхийлэгдэх вэ гэхээр математикийн гайхамшиг дээр багшийн
гайхамшгийг нэмсэн гэдэгт л байна.
Математик бол
гайхам урлаг юм.
Математик бол бодож, сэтгэх шинжлэх ухаан.
Математик бол урлаг юм. Бодол сэтгэлгээгээр өөрийгөө
илэрхийлэх урлаг юм.
Бодож сэтгэснээр оюун хөгжинө. Оюунд харагдсан зүйл л
нүдэнд харагдана шүү.
Бодож сэтгэснээр
учирлаж үндэслэдэг, үндэслэж учирладаг шинжлэх ухаан.
Бодож сэтгэснээр таньж мэднэ.
Математик загварчилж танина, таньж загварчилна.
Бодож сэтгэснээр илэрхийлж хэлнэ.
Бодож сэтгэснээр иргэншиж соёлжино.
Бодох сэтгэхэд хязгаар ч үгүй, хил ч үгүй.
Багш гайхам:
Багш мэргэшсэн шинжлэх ухаанч.
Багш аргач.
Багш бол илтгэгч.
Багш бол хүнийг ч нийгмийг ч соён гэгээрүүлэгч юм.
Гэвч заримдаа
математикийн багшийн талаар сөрөг үг хэллэг байгаад байдаг. Тухайлбал, “Тоонд
толгой эргэж байна”, “Математикийн хичээл мангас хичээл”, “Математикийн багш
аймшиг” гэсэн хэлц үгнүүд байгаад байна. Ийм үгнүүдийг магадгүй та бүхэн энд
тэндээс олж сонссон байх. Математикийн багшийн гайхамшигт чанар яагаад мангас
болчихвоо гэсэн асуулт гарч ирж байна. Энд мэдээж маш олон хүчин зүйлүүд
байгаа.
Энд би багшийн
доройтлын хувьсагч гэсэн шинэ хувьсагч оруулж ирж байгаа юм. Энэ нь 3 утгатай. Үүнд:
Сэтгэл дутах
Зүтгэл дундрах
Хайр үгүйрэх зэрэг болно.
Математикийн багш
аймшгийн болоход олон хүчин зүйл нөлөөлнө. Үүн дотроос доройтлын хувьсагч маш
их нөлөөлнө гэж бодож байгаа. Анхаарал тавьсанд баярлалаа.
Хэлэлцүүлэгт оролцогчид
саналаа илэрхийлэв.
Р.Магсар (МУБИС-ийн Багшийн сургуулийн тэнхмийн эрхлэгч): Өнөөдрийн сэдэв сонсоод ирж оролцож байна. Ийм семинар зохион байгуулж
буй тэнхмийн эрхлэгчид баярлаж байна. Лувсандорж багшийн хэлснээр математикийн
багш бол хаа ч очсон ноён нуруу нь болж байдаг. Энэхүү илтгэлээр математикийн
багшийн гайхам чанарыг энгийн ойлгомжтой илэрхийлж байна.
Доройтлын функц
гэдгийг бас бодох л хэрэгтэй юм. Бид өөрсдөө математикийг аймшиг болгож байгаа
гэдгийг бас аль аль талдаа бодууштай байгаа юм. Энэ тал дээр хамтарч санал
бодлоо солилцох хэрэгтэй. Математикийн багшийн гайхам байх тийм арга зүйг
гаргах хэрэгтэй гэж бодож байна. Энэ дотор олон жил багшилсан багшийн үг орвол
их сайхан байна. Өнөөдрийн хувьд математикийн дидактик хичээлээрээ аймаар биш,
гайхамшигтай болгох тал дээр хамтарч ажиллах байх.
Анхцэцэг: Математикийн багшийг аймшгийн
болгоод буй нэг зүйл бол эцэг эхийн хандлага. Хүүхдийн хувьд багшаас илүү эцэг,
эхтэйгээ ихэнх цагийг өнгөрөөж байгаа. Иймд эцэг эхээсээ гол төлөвшлийг олж авч
байгаа. Эцэг эхчүүд болохоор“миний үед математикийн хичээл ийм байсан одоо бүр
аймаар болчихжээ”гэсэн ойлголт өгдөг.
Доктор Д.Энхцэцэг (МУБИС-ийн Багшийн сургуулийн захирал): Бидний хэлэлцүүлэг хүрээгээ улам тэлээсэй. Би ЕБС-д багшилж байсан.
Математикийн багшийг аймшиг болгож буй нэг зүйл бол багшийн арга зүй. Жишээлбэл,
би сайхан охиныхоо хичээлд сууж үзсэн. Нэг хичээл дээр багш 10-аад бодлого
өгөөд өөрөө бодож өгч байсан. Энэ хичээлээс багш ямар мундаг юм бэ гэсэн
сэтгэлгээ л харагдаж байсан. Хүүхэд өөрөө хийх юм байхгүй. Багшийнхаа мундагийг
л гайхаад өнгөрөх байдалтай болж байсан.
Хоёр дахь нэг зүйл нь одоо бага боловсролын хүрээнд хийж буй шинэчилсэн
хөтөлбөрийн туршилтаар явж буй зүйл дээр санаа нийлж буй зүйл ч байна,анхаармаар
зүйл ч бас байгаа. Энэ тал дээр хамтарч дуугарах хэрэгтэй байна. Үүнд математикийн
багш бүр санаа тавьж анхаарах хэрэгтэй байна.
Гуравдугаарт, шинэ засгийн газар, боловсролын яам их юм хийж байгаа. Гэхдээ
Монголын ирээдүйд дуулдаг, бүжиглэдэг хүнээс илүү математик сэтгэлгээтэй хүн
олон байх хэрэгтэй байна. Энэ тал дээр дуу хоолой, сэтгэлээ нэгтгэн зүтгэх
хэрэгтэй. Өнөөгийн хүүхдүүд юм уншихгүй байгаа тул математикийн амтыг мэдрүүлэх
л гол зорилго байх хэрэгтэй. Тэрнээс биш математикийн багш мундаг гэдгээ
харуулах хэрэггүй.
Профессор Ч. Наранчимэг (Санхүүгийн Эдийн Засгийн
Дээд сургуулийн тэнхмийн эрхлэгч):
Өнөөдөр анх удаа энэ хэлэлцүүлэгт ирж, оролцож байна. Энэ ангиас асар их
гоё энерги мэдэрч байна. Интернетээс мэдээлэл аваад ирлээ.
Өнөөдрийн энд цугласны шалтгаан нь нэгд, бид бүгд математикч, хоёрт өнөөдөр
энд бүх шатны математикийн багшийн төлөөлөл цугласан байна.
Лувсандорж бид хоёр математикийн ангийг улаан дипломтой төгсөж байсан. Энд
би улаан диплом гэдгийг хэлэх дуртай. Энд маш их хөдөлмөр шингэсэн байдаг.
Би математикийг яаж ЭЗ, санхүүгийн хэрэглээ болгох вэ гэдэг рүү чиглэсэн
судалгаа хийж, энэ чиглэлээр хичээл зааж байгаа.
Хэдэн жилийн өмнө нэг төслийн хүрээнд багш нартай уулзаж байсан. Багш нар
бүгд уйлж байлаа. ТВ хөтөлбөр, мэдээллийн хэрэгслээр биднийг мангас болгож
харуулаад байна гэдэг санаа гарч байсан. Хүүхдээс мөнгө авч дүн тавьдаг багш
өнөөдөр бараг байхгүй гэдэгт би итгэж байна.
Сүүлийн үед хэрэглээ их чухал болж байгаа. Би нэг бага ангийн хичээл дээр
ороход уулын харьцааг оруулж байсан.Физикийн хичээл дээр шүдний ооны талаар
жишээ авч байсан. Өнөөгийн хичээлийн агуулга харьцангуй хэрэглээ рүү орж байгаа
гэж харж байна. Яаж улам сайжруулах вэ, хэрэглээтэй яаж холбох вэ гэдэгдээр
сэтгэл нэгтэй зүтгэх хэрэгтэй. Саар зүйлс бас байна. Математикийн эмэгтэй багш
нарыг гажигтай байх, юмтай байх гэх мэтээр ярьдаг явдал байдаг. Математик бол
хөрвөх чадвар сайтай. Манай нэг багш надад хэлж байсан. Математик бол агуулга нь
байнга тогтвортой байдаг нь үнэхээр гайхамшиг гэж.
Ерөнхий шалгалт
бол байх ёстой. Эхний нэг, хоёр жил сайн хүүхдүүд үнэхээр гарч байсан. Өнөөдөр
бол улс даяар муу байна.
Манайд элсэж
орсон хүүхдүүд маш өндөр оноотой байсан. Тэдний мэдлэгийн түвшинг тогтоох
шалгалт авахад гүйцэтгэл нь 33% байсан. Энэ жилийн хувьд ЕШ-ийн хэмжээст оноо
40 гаран л байгаа.
МУБИС төгссөн 4
багш байгаа. МУБИС-ийн чанар сайжирч байгаа шүү. Та бүхэн бол сайн багш нарын
гараар орж төгсөж байгаа шүү гэдэг дүгнэлтийг өгч байна.
Чойсүрэн (MACC-ын Математик
боловсролын тэнхмийн багш): Математикийн багшийг хоёр ангилж болно гэж бодож байна.Нэгд, өөртөө кайф
авдаг. Хоёрт нь хүүхдэд тохируулж элементарчилж заадаг багш гэж болно.
Элементарчлахад арга зүйн асуудал их хэрэгтэй. Сургалтын 15, 20-иод хэлбэр
байна.
Судалгаа хэрэгтэй
байна. Сургалтын арга зүйн сан бүрдүүлэх асуудал их хэрэгтэй байгаа юм. Сурах
бичиг энэ тэр дээр бичихэд судлагдсан зүйлүүд байх хэрэгтэй.
Цоодол: Доройлтлын хувьсагч
гэхээс гадна нэг хүчин зүйл бол 10 жилийн багш нарт хүлээлт байна.
Намайг ЕБС-д
байхад манай нэг багш, хязгаар энэ тэр гээд заахдаа та нарт хар аргаар хэлээд
өгчихье, та нар ойлгохгүй гэдэг байсан. Сурагчдын зүгээс математик бол амьдралд
хэрэгггүй хичээл гэсэн ойлголт байдаг. Сая ажиглах дадлагаар очиход байдал хэвээр
л байгаад байна.
Л.Даваажаргал (MACC-ын Математик боловсролын тэнхмийн эрхлэгч): Миний
хувьд математикийн багшийн тодорхойлолт, ажлын байрны тодорхойлолтыг хайж
судалж үзлээ. Ер нь багш, математикийн багш гэсэн тодорхойлолт байдаггүй юм
байна. Зөвхөн ажлын байрны тодорхойлолт дотор багшийн үйл ажиллагааны чиглэл,
шаардлага л байдаг юм байна.
Т.Ганбаатар: Бидний
судалгааны нэг гол чиглэл нь математикийн хичээлийг гайхам болгоход чиглэсэн
арга зүй, хэрэглэгдэхүүн, бодлогын сан бүрдүүлэх явдал болж байна ггэж бодож
байна. Мөн эдгээрийг хэрэглээд яаж гайхамшигтай математикийн багш байх вэ гэдэг
арга зүйг багш болж буй оюутнууддаа эзэмшүүлэх явдал хэрэгтэй юм.
Ц.Лувсандорж: Та бүхэнд баярлалаа. Санаа бүр л нэгийг сануулж байна.
Л.Даваажаргал багш математикийн багшийг тодорхойлолт алга. Ажлын байрны ч
тодорхойлолт адил гэж нэн чухал санаа хэллээ. Тодорхойлолтгүй юм чинь
тодорхойгүй л байж таарна. Энэ семинар математикийн багшийн гайхам болон
аймшгийн талаар эргэцүүлэл төрүүлсэн байх аа. Үүнд л энэхүү их семинарын нэгэн
зорилго орно. Та бүхэнд баярлалаа. 2 долоо хоногийн дараа уулзая.
Тэмдэглэлийн товчлон хөтөлсөн тэнхмийн багш Т. Ганбаатар
Тэмдэглэлийн хянасан семинарын
удирдагч Ц.Лувсандорж
2014 оны 2 дугаар сарын 16-ны
өдөр
No comments:
Post a Comment